Хотын дарга Х.Нямбаатар "Акуа гарден”-ыг хоёр барилгыг буулгах ажил руу удахгүй орно. Хуулийн хүрээнд, шүүхийн шийдвэрийн дагуу, хүний өмчлөх эрхэнд халдсан процесс гарах байх. Цаг хугацааны асуудал байгаа гэж чуулганы танхимд мэдэгдэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, эхний хэлэлцүүлэгт бэлтгэхээр байнгын хороонд шилжүүлсэн. Харин хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням хотын даргаас авлига хэмээн нэрлэгдээд байгаа барилгыг хэрхэх талаар тодрууллаа. Хотын дарга Х.Нямбаатар "Би ажил хүлээн аваад 17 хоног л ажиллаж байна.“Акуа гарден”-ыг хоёр барилгыг буулгах ажил руу удахгүй орно. Хуулийн хүрээнд, шүүхийн шийдвэрийн дагуу, хүний өмчлөх эрхэнд халдсан процесс гарах байх. Цаг хугацааны асуудал байгаа. Та бүхэн богино хугацаанд их олон зүйл шаардаж байна гэж хариулав.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Хотын түгжрэл авлигалаасаа үүдэж бий болсон гэж би үздэг. Тэр дундаа дунд, доод шатны албан тушалтнуудын авлига хэрээс хэтэрсэн. Авлигачдаа толгой дээрээ залсны билиг тэмдэг авлига хороолол. Үүнийг хараад олон, олон авлига хорооллынхон энэ асуудлыг яаж шийдэх нь вэ гээд хүлээгээд хараад сууж байгаа. Энэ баригдаад дуусвал дараагийнх нь барьцаад явна. Зөвшөөрөл өгөөгүй байхад баригдсан барилга бол хууль зөрчсөн л гэсэн үг. Нийслэлийн засаг даргын захирамж шүүх дээр унасан гэж дуулдсан. Эрх мэдэлтэй, энэ авлигачдын барьж чаддаг юм байж, дэд бүтцийнх нь зөвшөөрлийг өгдөггүй, цэвэр усаар хангадаггүй, бохироор хангадаггүй, авто замаар хангадаггүй байх ёстой. Хууль бус газар дээр хууль бус барилга бариад төргүй юм шиг аашилдаг энэ байдалд хязгаарлалт хийхийн тулд зохицуулалт оруулж өгч байгаа юу? Энэ хэрэгтэй байна. Барилгын зөвшөөрөл өгсөн шат шатны хүмүүстээ хариуцлага тооцуулах тал дээр арга хэмжээ авч чадах уу? Төрийг ард түмэнтэй нь хамт доромжлоод байна.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Одоо нийслэл хотын их тойрууд шинээр 1500 гаруй барилга барих зөвшөөрөл өгчихөөд байна. Тэгэхээр улам шигүү, барилгажсан хот болох уу гэдгээ л шийдэх ёстой юм. Нэгдүгээр төв эмнэлгийн хашаан дотор 20 давхар барилга барихаар ажил эхэлсэн байгаа. Орон нутгаас хэдэн мянган иргэн ирж, үйлчлүүлдэг эмнэлэг. Машин эргэж тойрох боломжгүй. Барилга барих зөвшөөрөл өгсөн хүмүүс ийм л сэтгэлгүй хандсан байгаа юм. “Акуа гарден”-тай холбоотой асуудал Захиргааны хэргийн шүүх дээр явж байна. Би ажлаа аваад эхний ээлжинд “Шунхлай”-тай ойлголцоод шатахуун түгээх станцыг чөлөөлөөд дуусч байна. Түүнтэй зэрэгцээд даланг өргөсгөх ажил эхэлж байна. “S’ Outlets” дэлгүүрийн чөлөөлөх ажил хийгдэнэ. Үүний дараа “Акуа гарден”-ыг хоёр барилгыг буулгах ажил руу орно. Хуулийн хүрээнд, шүүхийн шийдвэрийн дагуу, хүний өмчлөх эрхэнд халдсан процесс гарах байх. Цаг хугацааны асуудал байгаа. Та бүхэн богино хугацаанд их олон зүйл шаардаж байна. Би ажил хүлээн аваад 17 хоног л ажиллаж байна. Урт цагааныг нийтийн эзэмшлийн талбай болгох тал дээр иргэдээсээ санал авч байна. Авлигатай тэмцэх чиглэлээр тодорхой ахиц гаргасны дараа мэдээлэл өгье гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.