Засгийн газрын хуралдаанаас гарсан чухал шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар танилцууллаа.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, нийгмийн халамжийн 211 үйлчилгээг авахад гардаг байсан хүнд суртал, явдал чирэгдэлийг дахин инженерчилснээр өнөөдрөөс эхлэн Монгол Улсын иргэн харьяалал харгалзахгүй үйлчилгээ авах боломжтой болж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нийт 25 асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д томилсон Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/-ийн асуудал.
Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" компанид томилогдон ажилласан БЭТ-ийн ажлын тайланг сонслоо. Өнгөрсөн зургаан сард хийсэн ажил, эдийн засагт оруулсан хувь нэмэр, хийсэн ажлыг нь өндрөөр үнэлж, ач холбогдлыг нь улам баталгаажуулж, олон улсын жишигт нийцсэн удирдлага, гүйцэтгэх засаглалын бүтцийг нь шинэ түвшинд гаргах нэн шаардлагатай байна гэж үзэн хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 26-нд БЭТ-ийг дахин томилж ажиллуулах нь зөв гэж шийдвэрлэлээ.
Тэр хүртэлх хугацаанд БЭТ-ийн санал болгосны дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Дотоод хяналт шалгалт, аудитын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах, ТУЗ-ийн шийдвэрийг өнөөдөр сонслоо.
Хоёрдугаарт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессийн инженерчлэлийн загвар гаргах ажил дууссаныг танилцууллаа. Загвар гаргах таван сар ажилласан гэдгийг онцлон хэлмээр байна.
Төрийн үйлчилгээний байгууллагыг иргэндээ хүрч ажилладаг болгох, нарийвчлан хэлбэл хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээг авахад гардаг хүндрэл, эрсдэлийг бууруулахыг Засгийн газар зорьж байна. Канад улсад төрийн үйлчилгээ авахад төрийн албан хаагч, иргэн хоёр нэг, нэгийн харьцаатай байдаг. Манайд нэгийг харьцах нь 5-6 байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр иргэн хүн жишээ нь тэтгэврээ тогтоолгохын тулд 5-6 төрийн албан хаагчтай уулзаж байж асуудлаа шийдвэрлүүлж байна. Канадад бол нэг хүнтэй уулзаад бүх асуудлаа шийдвэрлүүлдэг гэсэн үг. Үүнийг бид нэвтрүүлэхийг зорьж байна.
Бас нэг жишээ, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүн хоёр жил тутамд группээ сунгуулж байна. Хоёр жил тутам сунгах процесс байх шаардлагатай юу гэдэг асуулт урган гарч байна. Хоёр дахь жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгал, хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээ хоёр нь тус тусдаа байгаа. Хоорондоо 1.5км зайтай. Иргэн хүн үйлчилгээ авахын тулд заавал хоёулангаар нь явах шаардлагатай болдог. Ийм загварыг халах нь энэ удаагийн инженерчлэлийн зорилго юм.
ЗГХЭГ-ын дэд дарга буюу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж:
-Инженерчлэлийн гол зорилго нь үйлчилгээ авах хүндрэлийг багасгах, төрийн албан хаагч болон иргэн хоёулаа сэтгэл хангалуун байлгах юм. Канадад төрийн албан хаагчийн сэтгэл ханамж 2 хувиар дээшлэхэд, үйлчилгээ авч байгаа иргэний сэтгэл ханамж 1 хувиар өсдөг судалгаа байна. Төрийн албан хаагч ч сэтгэл ханамжтайгаар үйлчилгээ үзүүлэх нь чухал байна.
Бидний судалгаагаар төрийн 211 үйлчилгээн дээр 1900 эрсдэл/хүндрэл байна. Энэ бүхэн нь иргэдийг бухимдуулж байна. Зардлын хувьд орон нутагт өндөр зардал гарч байна. Хүн тэтгэврээ тогтоолгохоор хөөцөлдөхөд орон нутагт илүү их зардал гардаг гэсэн үг. Архангайн иргэн Улаанбаатарт оршин сууж байхад хөдөлмөр, халамжийн үйлчилгээ авахын тулд заавал орон нутаг руу явах шаардлагатай болж байна. Инженерчлэл хийснээр иргэд харьяалал харгалзахгүйгээр нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээ авч болно.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа:
-Хэдийгээр манай салбарт цахимжилт эрчимтэй явж байгаа боловч, 2022 оны судалгаагаар давхардсан тоогоор 4 сая хүн биеэр ирж үйлчилгээ авсан, 6 сая хүн цахимаар үйлчилгээ авчээ. Улирал тутамд 100 мянган өргөдөл, гомдол ирж байна.
Тэтгэвэр тогтоож байгаа байцаагч дээр 8-9 шатны шалгалт орж байна. Дүнгүүд нь бүгд өөр, зарим нь 20 сая гэж байхад зарим нь нэг тэрбумын зөрчил тавьж байна. Нас барсан хүн дээр акт тавьсан тохиолдол ч бүртгэгдсэн.
Хөдөө орон нутагт төрийн үйлчилгээний байгууллагууд нь Засаг даргадаа үйлчилгээ үзүүлэх гэж байгаа юм шиг тойроод байж байдаг. Гэтэл үүрэн телефоны компаниудын жишээгээр бол хаана иргэн байна, тэнд үйлчилгээ үзүүлж байна шүү дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.