СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
LIVE TALK | 2023-10-31

🔴Иргэн О: Эхнэр маань архичин. Есөн сартай жирэмсэн хэр нь төрөх эмнэлэгт нууцаар архи уучихсан байсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Иргэн “О” хотын захын гэр хороололд эхнэр, таван хүүхдийн хамт аж төрдөг. Тэрбээр эхнэртэйгээ гэр бүл зохиогоод 20 жилийн нүүрийг үзэж байгаа ч өнөөдөр салах шийдвэр гаргаж, хүүхдүүдээ асран хамгаалах эрхээ авахын төлөө хөл хүрэх газраа явж байгаа аж.

Учир нь эхнэр нь арван жилийн өмнөөс архины хамааралтай нэгэн болжээ. Нэг уухаараа хэдэн хоногоор тасралтгүй ууж, бие нь өвдсөн ганц хоёр хоногтоо л үр хүүхэд, хань ижилдээ эрүүл үзэгдэнэ. “О” эхнэрээ архинаас гаргах гэж, таван хүүхдээ ээжтэй байлгах гэж арван жилийн амьдралаа зориулсан талаараа нүдэндээ гунигтай үгүйлнэ. Түүний хувьд гэр бүлээ тэжээхийн тулд ганцаараа хөдөлмөрлөдөг учраас өсвөр насны хүү, охиддоо ихэд санаа зовно.

Ээжтэй хэр нь ээжгүй мэт амьдралыг туулж яваа таван хүүхдийн хамгийн бага нь нэг ой хүрээгүй нялх хүүхэд. Аавыгаа ажилдаа явсан үед эгч нар нь нялх дүүгээ хардаг. Ээж нь гэртээ байвч согтуу.

“Жирэмсэн хэр нь уучихдаг. Төрөх эмнэлэгт өвдөөд очсон байхад нь шаардлагатай зүйлсдээ хэрэглээрэй гээд өгсөн мөнгөөр архи аваад уучихсан байсан. Одоо би ийм хүнээс юу хүлээх вэ. Голоо тасартал тарчиллаа. Би л ухаантай байхгүй бол энэ хэдэн хүүхдүүдийн минь ирээдүй яах билээ” хэмээн ярих түүний ярилцлагыг LIVETALK нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараас хүлээн авч үзнэ үү.

Архины хор уршгаас болж хүний амьдрал, хань ижил, үр хүүхдүүд сэтгэл зүй, бие мах бодиороо хэрхэн хохирдог талаар сэрэмжлүүлэг болгох үүднээс иргэн “О”-ын зөвшөөрөлтэй нийтлэв.

Ярилцагчийн хүсэлтээр нэр, царайг нууцлав.

Иргэн О: 

-Намайг О гэдэг. 38 настай. Эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг. Хийх боломжтой бүх төрлийн ажлыг хийдэг. Эхнэртэйгээ 2003 онд нэг гэрт орж, том хүүгээ төрөөд нэг нас хүрэхэд нь БНСУ руу гурван жилийн гэрээгээр явсан. БНСУ-д гурван жил гэрээгээр ажиллаад буцаад ирэхэд эхнэр архи ууж эхэлсэн байсан. Анх архи уух давтамж нь хоёр сардаа 2-3 өдөр уудаг байсан. Одоо бол сарын 20 хоногт тасралтгүй ууж, бие нь өвдсөн ганц хоёр хоногтоо эрүүл үзэгдэнэ. Гэр бүлд ямар ч амьд харилцаа байхгүй болсон.

Солонгос улсад гурван жил гэрээгээр ажилдаг байхад эхнэр Монголд зургаан нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан. Дэлгүүр нь өрийн падаанаас падааны хооронд байдаг. Хүний нутагт гурван жил ажиллаад хураасан мөнгөөрөө эхнэрийн ажиллуулдаг байсан хүнсний дэлгүүрийн өрийг дарсан. Ингээд ажилласан жил, хөдөлмөр ямар ч үнэ цэнгүй, мөнгөгүй дахиад эхэлсэн. Гэсэн ч уулт нь хэтэрч, өнөөдөр салах шийдвэрт эргэлт буцалтгүй хүрсэн.

. Архины олон төрлийн эмчилгээ, эм тан, ургамал ямар ч нэмэр байгаагүй. Сүүлдээ аргаа бараад лам бөөгөөр ч "архины бузар тусчихлаа" гээд л явсан.

Үр хүүхэд, ах дүү нараа бодоод салахаа урьтал болголгүй 20 жил зүтгэсэн. За одоо "хамтдаа хичээе" гээд ярилцана. Амьдрал цэцэглээд ирэх төдийд л дахиад архиа олон хонгоор ууж, доош нь татна. Ажлаа тараад ирэхээр ямар нэгэн аргаар хаанаас ч хамаагүй мөнгө олоод архи уучихсан угтана.

Ээж нь согтохоороо ёс бус үг хэллэг хүүхдүүддээ хэлээд байхаар гэрээсээ дайжиж эхэлсэн. Өсвөр насны хүүхдүүд “Архи уучихсан ядаргаатай байна. Эмээгийнд хононо. Найзындаа хононо” гээд ирдэггүй. Ингэж яваад буруу замаар орчих вий гээд ихэд санаа зовно.

13, 7-той хоёр эгч нь 10 сартай дүүгээ хичээлийнхээ цагийг зөрүүлж хардаг. Ийм амьдралаар өсөхөөр хүүхдүүд хүртэл хурдан биеэ даадаг юм байна. Ой хүрээгүй бага маань найруулсан сүүгээ өөрөө уучихдаг. Жирэмсэн үедээ ууна. Төрөөд ууна. Хүүхэд мөөм идэхгүй нэмэлт сүүнд орно. Төрөхөөс хоёр хоногийн өмнө өвдөөд эмнэлэгт очсон. Тухайн үед орон нутаг руу ажил гараад, хүргэж өгөхдөө "хоол цайгаа авч идээрэй" гээд мөнгө үлдээсэн. Гэтэл эмч нь араас залгаад “Чи яагаад эхнэртэй архи авчраад өгчхөв. Энэ хүн чинь согтуу байна” гэсэн. Есөн сартай жирэмсэн хэр нь төрөх эмнэлэгт нууцаар архи уучихсан байсан.

Эхнэрээ эрүүл үед нь ярилцах гэж үзнэ. Өөдөөс цааргална. За үнэхээр уухаа болих гэж байхад нь архи яриад сэдэл өгөөд яах вэ гээд болино. Маргааш нь уучихна.

Хэрвээ архины хамааралтай болоогүй бол хоёулаа хөдөлмөр эрхлээд, гэр бүлээрээ аз жаргалтай сайхан амьдарч байгаа. .

Одоо миний тэсвэр дууссан. Энэ хүн архинаас гарч чадахгүй байгаа учир би өөрийгөө, үр хүүхдээ бодох цаг болсон. Салах шийдвэрт хүрсэн. Гэтэл тэр хүн архины халуундаа "энэ надаас хүүхдүүдээ авч чадахгүй" гэсэн өрөөсгөл бодолтой байгаа. Архинаас болж яг юу алдаж байгаагаа ойлгохгүй уусаар.

Намайг байтугай үр хүүхдээ хайрлахгүй байгаа хүнийг хайрлах шалтгаан алга.

Салалтын дараа ажлаа хийгээд хүүхдүүдтэйгээ хэвийн амьдарна. Хэдэн хүүхдээ боловсролтой хүн болгож, гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэх л зорилготой байна хэмээв.

Монгол улсын хэмжээнд жилд 3800-4000 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг албан бус тоон мэдээлэл байдаг. Эдгээр гэр бүл салалтын 86 хувь нь архинаас үүдэлтэй. Хосууд хоёр тийш болоход дунд нь хамгийн их хохирч үлддэг нь хүүхэд юм.

Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хангахтай холбоотойгоор эрх зүйн орчныг сайжруулах, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэхээр ажиллаж буй.

Тиймээс энэ талаарх иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх “Жаргалтай гэр бүл” аяныг Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгээр Нийслэлийн Цагдаагийн удирдах газар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.