“Залуу ажилтныг дэмжих” хөтөлбөрийн оролцогч залуус шинэ өглөөг Сархиа уулын энгэрт угтаж, цэвэр агаарт алхахын зэрэгцээ номын дуу сонслоо.
Залуу ажилтны хүсэл тэмүүлэл, зорилго, эерэг хандлага, найрсаг харилцаанд тулгуурлан залуучуудыг идэвхжүүлэх, багийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгээс идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа зохион байгуулав. Үүний хүрээнд залуу ажилтнууд ууланд алхаж, багийн хамтын ажиллагаа, туршлага солилцох, сэтгэлзүйн сургалт, нөлөөллийн аян зохион байгуулах, чөлөөт ярилцлага зэрэг олон талт хөтөлбөрт оролцлоо.
Энэ үеэр Сэтгэл зүйн сургалтын багш, боловсролын сэтгэл зүйч Н.Намуун “Залуу ажилтнуудтайгаа өглөөний цэвэр агаарт хамтдаа сэтгэлзүйн дасгалжуулалтын сургалт хийж байна. Ажил амьдралын төлөө ихэнх цагаа зарцуулснаас шалтгаалж гэр бүл, найз нөхөд болон тэр тусмаа хувь хүн өөртөө зориулах цаг бага байдаг. Тэгвэл өнөө өглөөний хөтөлбөрөөр бид зөвхөн өөрсөдтэйгөө тулж, бага насандаа эргэн очих, аав ээжийнхээ захиас үгийг санаж дурсах, хүүхэд насны аз жаргалтай үедээ очихыг эрхэмлэсэн. Дараа нь өөрийгөө үнэлэх, хувь хүний хөгжил, харилцаа хандлагаа хэрхэн сайжруулж хөгжүүлэх талаар суралцаж байгаа нь онцлог” гэсэн юм.
Тэгвэл хөтөлбөрийн оролцогч ДЦС-ын ээлжийн цахилгаанчин Г.Батбуян “Өглөө ээлжнээс буугаад шууд үе тэнгийнхэнтэйгээ алхаж, мэдлэгээ нэмэхээр ирсэн. Чин сэтгэлийн ярилцлага хамгийн гоё хэсэг нь боллоо. Би үйлдвэртээ 6 жил ажиллаж байгаа. “Залуу ажилтныг дэмжих” хөтөлбөрт хамрагдсанаар хүрээллээ тэлж, олон найз нөхөдтэй болсондоо үнэхээр баярлаж явдаг” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.