ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг албан тушаалын нэр хүндээ урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахуул өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж, прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдээд байна. Энэ асуудлын хүрээнд Т.Бадамжунайгийн өмгөөлөгч А.Кадирбектай ярилцлаа.
А.Кадирбек:
-Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнө Ц.Анандбазарт холбогдох хэргийг прокурор тусгаарласан. Миний үйлчлүүлэгчийн хэрэгт Ц.Анандбазартай холбоотой гурван үйлдэл бий. Т.Бадамжунайг хэргийн хамжигч гэж хуулийн байгууллага буруутгасан. Гэтэл энэ гурван хэргийн гол гүйцэтгэгч гэж байгаа Ц.Анандбазарын хэргийг тусгаарлаад, Т.Бадамжунай нарын хэргийг түрүүлээд шүүх рүү шилжүүлчихсэн. Хэргийг тусгаарласан нь цаанаа ямар нэгэн ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй. Тусгаарласан нь зөв үү, буруу юу, хуулийн дагуу юу гэдгийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр бид хөндөж тавина. Шүүх хуулийн дагуу шийдвэр гаргах байх.
Улаанбаатар шинэ нисэх буудлын шатахууны менежментийг хариуцагчаар “Сод Монгол” компанийн хамаарал бүхий хуулийн этгээдийг шалгаруулах үүднээс тухайн үед Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэд Ц.Анандбазарын хүсэлтийн дагуу манай үйлчлүүлэгчийг хахуул өгөхийг завдсан гэсэн агуулгаар буруутгасан. Гэхдээ тийм зүйл байхгүй. Шүүх гэм буруугүй гэдгийг нь тогтоох байх. Т.Бадамжунай гэдэг хүн Ц.Анандбазарын хүсэлтээр хүнд хахуулийн мөнгө өгөөд явж байна гэж байхгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.