УИХ-ын дарга Г.Занданшадар НӨАТ-ын буцаалтын хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх хуулийн төслийн саналаа “D Parliament”-д байршуулж, санал авч буй. Одоогоор энэ саналыг 60 мянга гаруй хүн дэмжээд байна.
Харин Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд “НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгох эдийн засгийн боломжгүй. Төсөвт дарамт ирнэ” хэмээн тайлбарлаж буй юм. Харин энэ асуудлыг зөв шийдвэрлэх гаргалгаа байгаа талаар Эдийн засагч Д.Ангар онцолжээ.
Эдийн засагч Д.Ангар:
-Сангийн сайд Б.Жавхлангийн зовлонг ойлгож байна. Төсөв дээр нь гэнэт 600 тэрбумын цоорхой гараад ирэхэд ямар ч Сангийн сайдад тааламжтай биш. Эсэргүүцэх нь ойлгомжтой. Гэхдээ НӨАТ үнэхээр иргэдийн хувьд том зовлон. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох хуулийн төсөл ч цагаа олсон, иргэдийн хүсэн хүлээж буй зохицуулалт. Гол нь үүнийг хэн нэгэн дарга, эсвэл нам шийдэх биш, иргэд өөрсдөө анх удаа шийдэх гэж байгаа нь ирээдүйд зөв жишиг тогтооно. Би ч гэсэн D Parliament руу ороод саналаа өгчихлөө. 100,000 санал хэрэгтэйгээс одоогийн байдлаар 60,000 давсан санал ирсэн байна. Та ч бас яг одоо саналаа өгөөрэй.
Б.Жавхлан сайдын санааг нь зовоогоод байгаа 600 тэрбумын цоорхой бол ерөөсөө асуудал биш. Тансаг хэрэглээний татвараа л жаахан нэмчих. Өндөр хүүтэй банкны хадгаламжийн хүүн дээрээ татвараа нэмчих. Ингээд л 600 тэрбум чинь асуудалгүй гараад ирнэ. Ганц жишээ. Өчигдөр сошиалаар яваад байсан. Монголбанкны нэг албан тушаалтан банкинд 19 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэсэн байна лээ. Жилдээ 3.8 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олж байгаа. 100 саяас дээш хадгаламжийн хүүнд 30% татвар тавьчих /бусад улс орнуудад энэ төрлийн татвар 45-70% байдаг/ Монголбанкны тэр албан тушаалтан лав л тураад үхчихгүй. Харин Монгол иргэд өнөөдөр талх таллаж, тос граммлаж авдаг болтлоо ядуурсан байна шүү. Ард түмнээ бодъё оо, Жавхлан сайдаа. НӨАТ чинь үнэхээр иргэд, аж ахуйн нэгжүүдийг туйлдуулж байна!
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв
НӨАТ бол зөвхөн далд орлогыг илчлэх хэрэгсэл ...ард иргэдээс авсан аа буцаагаад бүрэн олгоход татварт ямарч асуудалгүи ...