УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.19/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Жил бүр л есөн тоог хөдөлгөдөг жишигтэй боллоо. Хамгийн чухал нь инфляци байгаа юм. Сүүлийн 2021, 2022 онд инфляци өндөр байсан. Үндсэндээ иргэдийн гар дээрх мөнгө тэр хэмжээгээр ханш нь буурч байгаа юм. Инфляцийг нэг оронтой тоон дээр барих нь чухал.
Засгийн газраас 3-4 асуулт асууя. Нефтийн асуудал бий. Энэ инфляцид нөлөөлж байгаа. Жилийн эцэст нэг оронтой тоонд орно л гээд байна. Өвлийн түлш орж ирээд л 800-900 төгрөгөөр нэмэгдчихлээ. Хавар, намар маш хүчтэй цохилт өгч байна. Ж.Ганбаатар сайдаас асуухад нефтийн өөр эх үүсвэр хаймаар байна. Хятадад түүхий нефть өгч байна. Тэндээс шатахуун авах боломжтой юу? Нефтийн үйлдвэр юу болсон бэ? Нэг хэрэглэгчтэй байх нь хүндрэл үүсгээд байна.
Хоёрдугаарт, экспортын бүтээгдэхүүн. Дотооддоо үйлдвэрлэх асуудал чухал байгаа. Оюутолгойн далд уурхай ороод үйлдвэрлэлийн хэмжээ хэрхэн нэмэгдсэн бэ? Мөн зэс хайлуулах үйлдвэр. Уул, уурхайн яам судалгаа хийгээд ТЭЗҮ хийсэн асуудал байна уу? Эдгээр инфляцийн тогтвортой байдал, валютын нөөцөд нөлөөлдөг шүү.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:
-Нэгдүгээрт, дизель түлшний үнэ 500-600 төгрөгөөр бус 200 төгрөгөөр өссөн. Сая нэг хэсэг хомстсон. Үүнийг далимдуулаад үнээ өсгөсөн тохиолдол бий. Дизелийн үнэ аравдугаар сараас бууна. Учир нь нефтийн бүтээгдэхүүний үнэ бууж байна. Сингапур болон Санкт Петербургийн бирж дээр бууж байна. Тиймээс арваннэгдүгээр сараас дизелийн үнэ буугаад эхэлнэ. Хамаагүй нөөцөлж болохгүй шүү.
Хоёр дахь эх үүсвэр гэдэг дээр хэлэхэд Хятадаас авч байгаа. Аваад дөрвөн сар болж байна. ОХУ-аас өрсөлдөхүйц хэмжээтэй ирэхгүй байгааг та мэдэж байгаа. Нэгдүгээрт, үнэтэй. Хоёрдугаарт, тээвэр, ложистик асуудалтай. Дамжуулан ачдаг. Гэхдээ Оюутолгой болон бусад уурхайнууд “Евро-5” ангиллын дизелийг Хятадаас авч байгаа. Ерөнхий сайд Хятадад айлчлахдаа Хятадын төрийн өмчит компанитай энэ талаар ярьсан. Гэхдээ тогтворжиж өгөхгүй байна, квотоор гаргадаг учир.
Зэсээ мэдээж бид хайлуулах гэж байгаа. 2-3 байршил яригдаж байгаа. "Эрдэнэт" өөрсдийн хэмжээнд жилд 100-150тн цэвэр зэс гаргах үйлдвэр ярьж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.