Монголын бурханы шашны тэргүүн, X Богд заларсаны дараа Гандантэгчэнлин хийдийн хамба лам, номун хан, гавж Д.Чойжамц "албаа өгөх" талаараа хэвлэлд ярьж эхэлсэн. Тэрбээр Монголын бурханы шашин тэргүүнтэй болсны дараа "тэтгэвэр"-тээ гаръя гэж шийдсэн бололтой байдаг. Ингээд тэрбээр өнгөрсөн долоо хоногт Гандантэгчэнлин хийдийн Захиргаанд өргөдөл гаргасан талаар бид мэдээлсэн.
Улмаар өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны дарга Ч.Бямбажаргал "Номун хан, гавж Д.Чойжамц албанаасаа чөлөөлөгдөх өргөдлөө хийдийн Захиргаанд өргөн барьсан. Сүйдтэй шалтгаангүй, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдье гэсэн. Чөлөөлөгдөх шийдвэрийг хуралдаж шийдээгүй байхад дараагийн хүний тухай ярих боломжгүй" хэмээн "Өдрийн сонин"-д ярьсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар дараагийн Хамба ламаар Гэвш, лхаарамба Д.Жавзандорж тодрох өндөр магадлалтай байгаа аж. Түүнийг сүсэгтэн олон "Монгол багш" гэдгээр нь сайн мэддэг юм.
Түүний талаар домог мэт яриа олон бий. Тэрний нэг нь "Ардын хувьсгалаас хойш Бурханы шашинд Лхаарамба цолтон төрж байгаагүй" гэдэг яриа юм. Тэрбээр энэ талаар "Ардын хувьсгалаас хойших анхны лхаарамба цолтон гэдэг яриаг би сонсож байсан. Хувьсгалаас хойш Сэнгээ гэвш гэж алдартай хүн Төвдөд лхаарамба цол хүртэж байсан. Магадгүй 1959 оноос хойш хүртээгүй байсан юм болов уу даа. Цаг хугацааны хувьд аз таараад би энэ цолыг хүртсэн. Дээдэс, ээж аав, номын дээд багш нарын ач юм даа гэж баярлаж явдаг" хэмээн даруухан хариулсан байх юм.
Гэвш, лхаарамба Д.Жавзандоржийн намтар гэвэл, Сүхбаатар аймагт төрж өссөн. Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын дунд сургуульд суралцаж байгаад 1991 онд дахин сэргээгдсэн "Эрдэнэмандал" хийдийн долоон ламын нэг болж суусан. Өвөө, эмээгийнхээ хүслээр лам болж байсан гэдэг.
1993 онд Улаанбаатар хотод ирж, "Зүүнхүрээ Дашчойлин" хийдэд шавилан суусан. 1995 онд Гандантэгчэнлин хийдийн "Дашчоймбол" дацанд чойрын ном буюу гүн ухааны ном үзэж, энэ чиглэлээрээ 1998 онд Энэтхэг явж, "Гүмүн" дацанд шавилан сууж лхаарамба цол хүртжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гоман дацанд
Хамба улсад тэтгэврийн даатгал төлдөг байсан болов уу