УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хууль санаачлагч хариулт өгч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Баримт мэдээллийг задруулсан гэх юм. Ямар нэг хэрэгт холбогдоод ямар нэг юм ярих гэхээр мөрдөн шалгах ажиллагааны нууц тул ярьж болохгүй гэх юм. Хавтаст хэрэг нь тэр чигтээ нууц гэх үү. Тэнд чинь Засгийн газрын хуралдааны тогтоол явж л байна. Нууцалбал зохих зүйл гэж яг юу вэ? Төсвийн хөрөнгөөр барьж байгаа бүтээн байгуулалт, автобусны тендер ч гэсэн нууц болоод байна. Тиймээс юуг нууц гэх вэ, юуг нууцад оруулахгүй гэдгээ нэг тодорхой болгох хэрэгтэй байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:
-Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахыг дэлхийн бүх улсад гэмт хэрэг гэж тооцдог. Манай улс 1926 оноос хойш ингэж тооцож байгаа. Энэ гэмт хэргийн субект нь мөрдөн байцаагч, өмгөөлөгч, шүүгч, прокурор тухайн хэргийн материалтай танилцдаг. Эдгээр дөрвөөс гадна бусад оролцогч буюу хэлмэрч, шинжээч, орчуулагч, иргэний хариуцагч, хөндлөнгийн гэрч зэрэг хүмүүс мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахгүй гэж бичгээр нууцын баталгаанд гарын үсэг зурдаг. Эдгээр хүмүүс мөрдөн шалгах ажиллагааны нууц задалбал гэмт хэрэгтэн болно.
Үүнээс бусад хүмүүс мөрдөн байцаалтын нууц задруулсанд тооцогдохгүй. Энэ зүйл заалтаар буруутгагдсан нэг ч сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхгүй. Сүүлийн зургаан жилд энэ зүйл ангиар ял шийтгэгдсэн нэг ч сэтгүүлч байхгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэг нь тухайн гэмт хэргийг илрүүлэх, гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор нууцалж, нөгөө талаар илрүүлэх зорилгоор тактикийн асуудлыг нууцалдаг. Энэ тактикийг задруулах нь тухайн гэмт хэргийг илрүүлэхэд садаа болдог. Тухайлбал, иргэн Т.Бадамжунай гэдэг хүнийг баривчлах, саатуулах, шалгах ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсаны дараа тэр хүн хоёр хоногийн дараа Замын-Үүд боомтоор хил гараад явчихсан. Түүнээс хойш найман жилийн дараа тэр хүнийг 5Ш ажиллагааны хүрээнд бөөн хүч хөдөлмөр болж байж сая саатуулж авчирсан.
Хэрэг илрэхгүй болдог, төөрөлддөг, замхардаг асуудал гардаг учраас мөрдөн шалгах ажиллагааг нууцлах нь хэргийг шуурхай илрүүлэх, гэрч, хохирогчийн амь насыг хамгаалах зорилготойгоор зохицуулалт хийгддэг. Нууцтай холбоотой асуудлыг нэг цэгцэлж, ойлголтоо нэг болгох, өөрчлөх ёстой гэдэгтэй санал нэг байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.