Нийслэл хотод өнөөдөр өглөөнөөс эхлэн үл мэдэгдэх үнэр гарах болсонтой холбоотойгоор Налайхад байрлах газын үйлдвэр дэлбэрсэн, төмрийн үйлдвэр дэлбэрснээс газ алдагдсан гэх мэдээлэл цацагдсан юм. Энэ асуудалтай холбогдуулан Налайх дүүргийн Шуурхай удирдлага Хяналт, мэдээллийн төвийн дарга Х.Анхбаяраас тодрууллаа.
-Улаанбаатар хотод үл мэдэгдэх үнэр гараад байна. Үүний шалтгаан нь Налайх дүүрэгт газ дэлбэрсэн байж болзошгүй хэмээн мэдээлэл гараад байна. Танд энэ талаар тодорхой мэдээлэл байна уу?
-Налайх дүүргээс үнэр гараагүй. Налайх дүүргийн төмрийн үйлдвэрт есдүгээр сарын 25-ны өдөр 56 настай иргэн гагнуур хийж байгаад хөдөлмөрийн аюулгүй байдал сахиж ажиллаагүйгээс нас барсан. Энэ үйл явдал аль эрт болсон явдал. Өчигдөр оройноос Налайх болон Улаанбаатарт үнэртэж эхэлсэн. Гэтэл үүнийг "Налайхад газ дэлбэрээд Улаанбаатар хотоор нэг үнэртэж байгаа" гэж буй нь худлаа мэдээлэл шүү. Тэр талийгаачийн дэргэд газ байсан нь уу гэвэл байсан. Таван литрийн баллонтой газ байсан. Гэхдээ тэр хүн газнаас болж нас бараагүй. Тасдаж байсан төмрөндөө цохиулж нас барсан.
Тэгэхээр энэ гарч буй үнэр Налайх дүүргээс гарч байгаа гэдэг нь худлаа мэдээлэл. Налайх дүүрэгт өчигдөр хяналт шалгалт явагдсан. Цагдаа, онцгой, Нийслэлийн стандартын газраас хяналт шалгалт хийсэн. Өнөөдөр мөн Налайхын хэд хэдэн томоохон үйлдвэрийг шалгаж байна.
-Энэ үнэр гараад байгаа шалтгаан юутай холбоотой вэ?
-Налайхаас бус Улаанбаатараас энэ үнэр гарч байна гэж би таамаглаж байна. Өнөөдөр би хотоос ирсэн. Улиастайд үнэртэй байна. Хонхорт гайгүй, Налайхад бол өнөөдөр өглөө үнэргүй байна. Бид бол Улаанбаатар чиглэлээс энэ үнэр гарч байна уу гэсэн бодолтой байна.
-Сайжруулсан түлшний үйлдвэртэй холбоотой байж болох уу?
-Сайжруулсан түлшний үйлдвэр бол Налайхад байхгүй. Зүүн үйлдвэр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бий. Салхины чигээ бодох юм бол баруун хойноосоо салхитай байсан. Тэгэхээр Улаанбаатар чиглэлээс энэ үнэр гарч байна гэж ойлгож байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хотоос яаралтай гарна байгаа. Энэ Чойжоо туршаад эхэлсэн юм бишүү.