УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.10.10/ хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай“ Монгол Улсын Их Хурлын 2023 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсжээ.
Онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нүүрсээ хил нөхцөлөөр биржээр борлуулах, санхүүгийн сахилга батыг сайжруулах, төсвийн хэмнэлт гаргах, өр төлбөрийг бууруулах, мэдээллийн ил, тод байдлыг хангах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих, том төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлснийг онцлов.
Монгол Улсын нүүрсний экспорт 2023 оны 09 сарын 30-ны өдрийн байдлаар 48.9 сая.тн хүрсэн. Нийт экспортын 42 хувь буюу 20.6 сая.тн нүүрийг “Эрдэнэс Тавантолгой” ХК дангаар экспортод гаргаж татварын орлогын 12.4 хувийг бүрдүүлж 1.8 их наяд төгрөгийн татварыг 2023 оны эхний 8 сарын байдлаар улсын төсөвт төвлөрүүлээд байна.
Онцгой дэглэмийн хугацаанд 23.7 сая.тн нүүрс олборлож, 29.5 сая.тн нүүрс борлуулан, 2.9 тэрбум ам.долларын орлого олж, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Компани байгуулагдсан 12 жилийн түүхэн хугацааны нийт олборлолтын 21 хувийг онцгой дэглэм тогтоосон 11 сарын хугацаанд гүйцэтгэснийг Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд танилцуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.