Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA, ВАДА)-гаас Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага (MONADA, МОНАДА)-ын үйл ажиллагаанд “муу” дүн тавьж, Монгол улс ирэх Парисын олимпод цагаан тугийн дор оролцох эрсдэл үүсээд байгаа юм. Улмаар Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг гаргасан.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үүссэн нөхцөл байдлыг тайлбарлахдаа "Олон улсын допингийн асуудал эрхэлж байгаа байгууллага нь "ВАДА" гэдэг байгууллага байдаг. Монголд “МОНАДА" гэдэг байгууллага допингийн асуудлыг хариуцдаг. Энэ нь өөрөө олон улсын байгууллагын дүрэм журмаар ажилладаг учир шууд утгаар Засгийн газар оролцох эрх нь хориотой байдаг. Олон жилийн хугацаанд "МОНАДА" өөрөө энэ асуудлыг хариуцаж яваад байж. Өөрөөр хэлбэл, "ВАДА"-гийнхаа өмнө хүлээсэн үүрэг, шаардлагыг биелүүлэхгүй явж ирсэн алдаа дутагдалтай байжээ.
Өнгөрсөн зургаадугаар сард төсвийн тодотгол хийхдээ олон улсын байгууллагаас тавьж байгаа шаардлагыг хангаагүй, төлбөр мөнгөө өгөөгүй гэдэг үндсэн дээр Засгийн газар "МОНАДА"-гийн өмнөөс шийдвэр гаргаж, нэг удаа төлбөрийн төлөлтийг нь хийсэн байдаг. Нийт 800 гаруй сая төгрөгийн төлбөрийн асуудал үүссэн. Гэтэл гуравхан сарын дараа наймдугаар сард "ВАДА" байгууллагаас асуудлаа шийдэхгүй байгаа учир Монгол Улсыг олимпод цагаан тугийн дор оролцуулах бичиг ирсэн байна гэсэн юм.
Тодруулбал, Биеийн тамир, спортын улсын хороо (БТСУХ)-ны төсөвт үндэсний шигшээ багийн допингийн шинжилгээний зардал (400 сая төгрөг) тусгагддаг байна. Гэтэл БТСУХ нь Төсвийн хуулиа жил дараалан зөрчиж допингийн шинжилгээний төлбөрийг шилжүүлээгүйгээс улбаатай асуудал үүсжээ. БТСУХ 2021 оны тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг төлөхгүй байснаас үүдэн 2022 оны эхнээс Итгэмжлэгдсэн олон улсын лаборатори төлбөрөө төлөхийг шаардаж, "МОНАДА" ч энэ талаар удаа дараалан тус хороонд ханджээ.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага "МОНАДА"-гийн ерөнхийлөгч Ж.Хатанбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан төлбөр шилжүүлэхийг удаа дараа хүссэн албан бичгийн хариуд 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөр “Танайх хэний заавраар шинжилгээ хийсэн, ...өр төлбөр үүссэн нь танай буруугаас үүссэн” гэсэн утгатай хариуг ирүүлсэн. Эндээс Олон улсын лабораторийн төлбөрийн асуудал "ВАДА"-гийн хэмжээнд яригдах болж, "ВАДА"-гийн Төв азийн бүсийн байгууллагын удирдах зөвлөлийн хурлаас “2022 оны арваннэгдүгээр сарын 29-нд “Монгол Улс улаан шугамыг давуулахгүйгээр, тамирчдын шинжилгээний төлбөрийг итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлэх хэрэгтэй” гэж сануулсан. Энэ дагуу БТСУХ-нд хандсан. Төлбөрийн асуудлыг бас л шийдвэрлээгүй. Эцэст нь "ВАДА"-гийн зүгээс 2022 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр "МОНАДА"-д шаардлага тавьж, “онц ноцтой зөрчил”-д бүртгэгдсэнийг мэдэгдсэн.
БТСУХ-ноос Улсын шигшээ багийн тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг Олон улсын лабораторид хоёр жил төлөлгүй, гурав дахь жил рүүгээ оруулсан нь үнэхээр олон улсын байгууллагын хувьд өмнө тохиолдож байгаагүй муу жишээ болсон гэжээ.
Бид энэ асуудлаар тухайн үед Биеийн тамир, спортын улсын хорооны дарга байсан Д.Жаргалсайхантай холбогдоход тэрбээр "Би одоо гадаадад байна. Тухайн үед ч наад асуудлыг чинь үүсэхэд Монголд байгаагүй. Би 2022 оны зургаадугаар сараас даргын албан тушаалыг эрхэлж, арванхоёрдугаар сард ажлаа өгсөн гэлээ.
Мөн 2022 оны зургаадугаар сард "ВАДА"-д "МОНАДА" нь Монгол улсын Засгийн газраар дүрмээ батлуулаагүй" гэдэг худал мэдээллийг хүргүүлсэн эсэхийг тодруулахад "Өмнөх дарга Ц.Шаравжамц болон одоогийн дарга О.Баттулгын үеийн асуудал. Наадуул чинь өөрсдөө мэдэхгүй байна. Би допингийн шинжилгээний төлбөрийн асуудалтай ямар ч хамааралгүй" гэв.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын Шанхай хотод /2023.09.22/ хуралдсан Дэлхийн Допингийн эсрэг байгууллага "ВАДА"-гийн хуралд оролцсон. Хурлын үр дүнд Дэлхийн допингийн эсрэг дүрмийг дөрвөн сарын дотор бүрэн биелүүлэх шаардлага тавьж, “ажиглалтын жагсаалт”-д оруулжээ.
Ийнхүү Монгол Улс ирэх олимпод цагаан тугийн дор оролцох эрсдэл үүссэн уг асуудалд МОНАДА, БТСУХ-ны дарга нар бие бие рүүгээ шидэлсэн тайлбарыг өгч байна. Бид 2020-2022 оны хугацаанд Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг гүйцэтгэж байсан Ц.Шаравжамцаас тодруулга авч эргэн мэдээлэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.