ШИНЭ намын III их хурал өчигдөр /2023.09.23/ болов. Хуралд 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл 700 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд намын бүтэц, зохион байгуулалт зэрэг дотоод асуудлаа хэлэлцсэн юм.
ШИНЭ намын дарга Ц.Гантулгын хурлыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. Тэрбээр,
Эрхэм журмын нөхөд өө! Хүндэт Их Хурлын Төлөөлөгчид өө!
Эрхэм хүндэт зочид оо! Хүрэлцэн ирсэн, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид өө!
Та бүхэндээ Билгийн тооллын намрын дунд сарын шинийн наймны билэгт сайн өдрийн мэндийг хүргэж, Шинэ намын III их хуралд хүрэлцэн ирсэнд тань баярлаж талархсанаа илэрхийлье.
Мөн Монгол орныхоо өнцөг булан бүрд тархан суугаа, 98 мянган гишүүд дэмжигчдэдээ болон энд хүрэлцэн ирсэн Их Хурлын эрхэм төлөөлөгчид та бүхэндээ ШИНЭ нам үүсэн байгуулагдсаны дөрвөн жилийн ойн гал халуун мэндийг өргөн өргөн дэвшүүлье.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан Шинэ намын II Их Хурлаас, Цэндсүрэнгийн Гантулга миний бие Шинэ намын даргаар сонгогдсоноос хойш манай нам олон арван ажил зохион байгуулсны дотроос гурван онцлох үйл явдлыг намынхаа III Их Хурлын төлөөлөгч та бүхэнд тайлагнахыг хүсэж байна.
НЭГ.
Шинэ нам өөрийн гэсэн “тунхаг” буюу “манифесто”-г бичиж, намынхаа хамт олноор батлуулж, Улсын Дээд Шүүхэд бүртгүүлснийг та бүхэн санаж байгаа. Шинэ нам өөрийн гэсэн тунхагтай болсноор 1990 оны “Ардчилсан хувьсгалаас” хойш байгуулагдсан, 36 намын дундаас цор ганц “бодлогын нам” болж, төлөвшиж эхлэх үүд хаалга нээгдсэн билээ.
Энэ дэлхийн улс төрийн намуудыг аугаа нам ба жижиг нам гэж хоёр ангилдаг. Өөрийн гэсэн тунхагаа бичиж чадсан нам болгон аугаа нам болон өсөж өндийж байсан бөгөөд гагцхүү тунхагтай намууд л өөр өөрийн улс орныг авран босгож, дэлхийн хөгжлийг урагшлуулж байсан нь ертөнцийн түүх, улс төрийн шинжлэх ухааны онол юм.
Чухам иймээс л өнөөгийн Герман улсад манифестогүй намыг бүртгэж авахгүй байхад Монгол Улсад бүртгэлтэй 36 нам дотор тунхагтай нам нэг ч байхгүй байгаа нь эмгэнэл мөн.
Гэтэл коммунист нийгэм задарчихаад байхад, Монгол орон зах зээлийн харилцаанд шилжчихээд байхад, шинэ нийгэмд маань шинэ тунхаг, шинэ манифесто ус агаар мэт дутагдаж байхад яагаад улс төрийн намууд, нэг ч манифесто бичсэнгүй вэ?
Яагаад МАН, АН намууд өөрийн гэсэн манифестогоо өдий хүртэл бичихгүй байна вэ?
· Онол, философи, зарчимгүйгээр эх орон хөгжиж чадна гэж үү?
· Онол, философи, зарчимгүй улс төрийн намд итгэж болно гэж үү?
· Зөвхөн популизм хийж байгаа МАН, АН хоёрт хэдий болтол хууртах вэ?
· МАН, АН гэх авилгач намуудаас салах хувь заяа Монголчууд бидэнд бий юу?
Өнөөдөр, 30 жилийн хямрал ялзралаас, төр засгаа татан гаргах онол, философи, зарчим ярьж байгаа улс төрийн хүчин Монгол улсад байна уу? Алга аа.
Өнөөдөр, Эдийн засгийн реформ, баялгийн дахин хуваарилалт хийж, ард түмнээ ядуурлаас гаргах тухай ярьж байгаа, улс төрийн хүчин Монгол Улсад байна уу? Алга аа.
Эх орноо, хөгжил дэвшлийн замд татан оруулах хүндтэй үүргийг гартаа авчих, улс төрийн хүчин Монгол Улсад байна уу? Алга аа.
Чухам иймээс л энэ ариун нандин үүргийг Шинэ нам гартаа авсан. Шинэ намын Ерөнхий Зөвлөлийн найман гишүүн хамтран тунхаг бичгээ гаргасан бөгөөд бид энэхүү номоо “Шинэ Хувьсгал” гэж нэрлэснийг та бүхэн мэднэ.
· Энэ номонд үзэл санааны 18 хувьсгалыг хийх зорилт бий.
· Энэ номонд улс төрийн 9 хувьсгал, эдийн засгийн 9 хувьсгал хийх уриалга бий.
· Энэ номонд Монгол орон үсрэнгүй хөгжүүлэх онол, философи, зарчим, түүх, туршлага бий.
· Энэ номонд Монгол орны минь 50, 100 жилийн ирээдүй бий.
Германд амьдардаг нэгэн Монгол залуу манай номыг уншиж үзчихээд “Ардчилсан засаг тогтоох гэсэн хүн төрлөхтний 2000 жилийн мөрөөдлийг та бүхэн биелүүлэх гэж байгаа юм байна. Бүр Англи, Америкийн хийж чадаагүй ардчиллын зарчмуудыг төгс төгөлдөр бүтээх гэж байгаа юм байна. Та бүхэнд амжилт хүсье” гэж хэлж байна.
Одоогийн байдлаар манай тунхаг хоёр удаа хэвлэгдэж, 5 мянган хувь борлогдоод байгаа нь хэтэрхий бага тоо гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ манай тунхаг олон олон удаа хэвлэгдэж, 900 мянган өрх бүрийн ширээний ном, болно гэдэгт итгэлтэй байна. “Шинэ хувсгал” номыг хамтран бичсэн журмын нөхдөдөө баярлалаа.
ХОЁР.
ШИНЭ нам өөрийн гэсэн Үндсэн хуулийн төслийг боловсруулж дууслаа. Бид яагаад ямар учраас Үндсэн хуулийн төсөлтэй ноцолдож, бүхэл бүтэн хоёр жилийг алдаж байгаа юм бэ? гэж намын зарим гишүүд асуудаг.
Манай орны хямрал бүхэн 1992 оны Үндсэн хуультай холбоотой. Үгүй ээ, 1992 оны Үндсэн хууль батлагдсан цагаас л Монгол орон минь хямарч сүйрч эхэлсэн.
Харин одоо энэ Үндсэн хуулийн хар гайгаар Монгол орон тусгаар тогтнол аюулын ирмэг дээр ирээд байна. Гэтэл 1992 оны Үндсэн хуулийг маш сайн хууль гэж, ард түмэн бидний тархи толгойг 32 жилийн туршид угаасаар байгаа нь зэвүүтэй.
ХЭРЭВ:
· Төр засаг муу ажиллаж байгаа бол Үндсэн хуулийн буруу мөн.
· Эрх мэдэлтнүүд авилгад идэгдсэн бол Үндсэн хуулийн буруу мөн.
· МАНАН дэглэм дарангуйлж байгаа бол Үндсэн хуулийн буруу мөн.
· Төрийн дээр нам гарчихсан байгаа бол Үндсэн хуулийн буруу мөн.
· Хонгилын шүүх ажилласаар байгаа бол Үндсэн хуулийн буруу мөн.
· Байгалийн баялгаа цөлмүүлж байгаа бол Үндсэн хуулийн буруу мөн
· Ард түмэн татварын боолчлолд нухлагдаж байгаа бол Үндсэн хуулийн буруу мөн.
· 32 жилийн хямрал бүхэн, 32 настай Үндсэн хуулийн алдаа дутагдлаас эхтэй.
Учир нь Үндсэн хууль бол төр байгуулдаг цор ганц хууль юм. Төр нь муу хэрнээ Үндсэн хууль нь маш сайн байх бололцоо хаана ч байхгүй. Энэ бол тархи угаалт мөн. Энэ бол улс төрийн пропоганда мөн. Ахан дүүс минь ийм тархи угаалтад бүү автацгаа!
Аугаа Бастиа, АНУ-ын Үндсэн хуулийг уншиж үзчихээд “Америкийн Үндсэн хууль бол хүн төрөлхтөний оюун санаанаас цагаа олж төрөн гарсан гайхамшигт баримт бичиг болжээ. Боолчлол, протекционизм хоёроо халж чадвал 100 жилийн дараа гэхэд Америк орон энэ дэлхийн хөгжил дэвшлийг тэргүүлнэ“ гэж тэртээ 1850 онд бичиж байжээ. Америкийн Үндсэн хуулийн хуралдайн гишүүд улс орныхоо 50, 100 жилийн дараах амьдралыг төсөөлөн байж, Үндсэн хуулийн төслөө бичиж байсан түүхтэй. Өдгөө Америкийн Үндсэн хууль 236 настай, нилээд хуучирч, хоцрогдсон боловч тус улсын төр засгийг Ардчилсан байлгаж чадаж байна. Гайхалтай.
Тэгвэл ШИНЭ намын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл, улс орныхоо ирээдүйг, хэдэн жилээр төсөөлөн байж бичигдсэн юм бэ?
Лавтайяа “50 жил гэж” би итгэлтэйгээр хариулж чадна. 50 жилийн дараа гэхэд “Их Монгол Улс” энэ дэлхийн тэргүүлэх улс орны нэг болсон байна. Гарцаагүй. Энэ бол шинжлэх ухааны таамаг юм
“Их Монгол Улсын Их Засаг Үндсэн Хууль” гэсэн оноосон нэрийг маш зоригтойгоор сонгож, өөрийн намын Үндсэн хуульд өгөхийн тулд хүндтэй шалтгаан хэрэгтэй. Аугаа түүхтэй орныг аугаа ирээдүй хүлээж байдаг нь үнэн бол “Их Монгол Улс” сэргэн мандах нь гарцаагүй.
Манай Үндсэн хуулийн төсөл бол энэ дэлхийг хөгжил дэвшлээрээ тэргүүлж буй, арван голлох орны Үндсэн хуульд туссан дэвшилтэт зарчим бүхнийг шингээж чадсан бөгөөд эрх зүйн шинжлэх ухааны орчин цагийн хөгжил дэвшилд тулгуурлан бичихийг зорьсноороо үнэхээрийн дэвшилттэй, онцгой бүтээл болж чадсан.
· Бидний боловсруулсан Үндсэн хуулийн төсөл, Монголын ард түмний шүүлтүүрээр орж, төгс төгөлдөр болох болтугай.
· Шинэ Үндсэн хууль маань, шинэ нийгмийг, иргэний нийгмийг бүтээн босгох болтугай.
ГУРАВ.
2023 оны 6 сарын 12-нд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд, “Таван толгойг авах уу, алдах уу?” лекцийг зохион байгууллаа.
“Эрдэнэс Тавантолгой”-н 15 тэрбум ширхэг хувьцааг 3,4 сая иргэндээ эн тэнцүү, үнэ төлбөргүй, хуваан өмчлүүлэхэд хүн бүрд 4,400 ширхэг хувьцаа оногдоно. Иргэн бүрд оногдох 4,400 ширхэг хувьцааны зах зээлийн үнэлгээ нь 308 сая төгрөг болно. 4 ам бүлтэй өр бүрд 1,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааг оногдоно. Ганц жилийн дотор бүх хувьцаагаа эргэлтэд оруулж, мөнгөжүүлж, өрх бүр 1,2 тэрбум төгрөгтэй болох боломж бий. Гайхалтай биш гэж үү?
Ганцхан ордын хувьчлалаас өрх бүрийг 1,2 тэрбум төгрөгтэй болгох боломж байгаа гэж үзвэл 1200 ордын хувьчлалаас иргэн бүрд хэдэн төгрөг оногдох вэ? “Таван толгойг авах уу, алдах уу?” лекц бол “Шинэ хувьсгал” номонд бичигдсэн, 18 хувьсгалын зөвхөн нэг нь гэдгийг та бүхэн бодогтун. Зөвхөн “баялгийн хувьсгал” сэдэвт багтах нэгхэн санаа төдий зүйл.
Манай номын ганцхан санаа нь ийм сайхан эдийн засгийн эрх чөлөөг ард түмэндээ өгөх юм бол 18 хувьсгал нь ямар ямар эрх чөлөөг Монголчууд бидэнд өгч чадахыг та бүхэн нэг төсөөлөөрэй.
Ард түмнээ гэсэн сэтгэл байвал улс төрийн намууд юу хийж чадах вэ?
Улс төрийн нам бүхнийг бүтээж чадна. Улс төрийн нам бүхнийг устгаж чадна.
· Улс төрийн намууд РЕЙГАН НОМИКА, ТЕТЧЕР ИЗМ, РОЖЕР НОМИКА, РЕЙН МӨРНИЙ ГАЙХАМШИГ, ХАН МӨРНИЙ ГАЙХАМШИГ гэж алдаршсан эдийн засгийн реформуудыг хийж байлаа.
· Улс төрийн намууд Чарльз, 16-р Луй, Романав гэх хүчирхэг хаадыг цаазалж байлаа.
· Улс төрийн намууд феодалын нийгэм, капиталист нийгэм, социалист нийгмүүдийг байгуулж, бас устгаж байлаа.
· Улс төрийн намууд, 1688 оны Английн ялгуулсан хувьсгал, 1787 оны Америкийн Үндсэн хуулийн хувьсгал, 1789 оны Францын хувьсгал, 1917 оны Октябрын хувьсгал гээд, бүх аугаа хувьсгалын хийж байлаа.
· Улс төрийн намууд дэлхийн I ба II дайнуудыг өдөөж, бүх ертөнцийг цусан далайд живүүлж байлаа.
· Улс төрийн намууд даян дэлхийд энх тайвныг тогтоож, зуу зуун жилээр амар амгалан байдлыг тогтоож байлаа.
Тийм ээ, Улс төрийн намууд бүхнийг бүтээж чадна.
Тиймээ, Улс төрийн намууд бүхнийг устгаж чадна.
Улс төрийн нам бол ардчиллын институт ч мөн.
Улс төрийн нам бол дарангуйллын аппарат ч мөн.
Тиймээс улс төрийн намыг хязгаарлах ёстой.
Тиймээс улс төрийн намыг дэмжих ёстой.
Дэмжвэл онол, үзэл санааг нь дэмжих ёстой.
Дэмжвэл Манифестог нь дэмжих ёстой.
Дэмжвэл Үндсэн хуулийн төслийг нь дэмжих ёстой.
Онолгүй, философигүй, үзэл санаагүй, зарчимгүй, тунхаггүй, Үндсэн хуулийн төсөлгүй намыг хэзээ ч дэмжиж болохгүй. Ийм намуудыг дэмжвэл бид дарангуйлалд л унана. Монгол орныг сөнөөж мөхөөх хэмжээнд ажиллаж байгаа МАН, АН намуудыг ялахын тулд ШИНЭ намд нэгдэцгээ, Монголчууд минь.
ЯАГААД Шинэ намд нэгдэх ёстой вэ?
· Улс төрийн намыг зөвхөн улс төрийн нам л ялдаг учраас ШИНЭ намд нэгдэхээс өөр арга байхгүй болжээ.
· Улс төрийн намыг хувь хүн ялж чаддаггүй учраас ШИНЭ намд нэгдэж, МАНАН дэглэмийг устгацгаая.
· Улс төрийн үйл ажиллагаа явуулах эрх мэдлийг зөвхөн улс төрийн намд л хуулиар олгодог учраас ШИНЭ намд нэгдэхээс өөр сонголт алга байна.
· Консерватив намыг либерал нам ялсан шиг, Либерал намыг социалист нам ялсан шиг, Социалист намыг ардчилсан нам ялсан шиг, МАН, АН-ыг ШИНЭ нам ялж чадна.
Дэлхий ертөнцөд өрсөлдөөний талбар угаас ганц л байдаг. Энэ бол оюун санааны тэмцлийн талбар юм. Дэлхийн түүх ийм л байж ирсэн. Хойшид ч ийм л байх болно. Оюун санааны тэмцлийн талбарт ШИНЭ нам, нэгэнт ялалт байгуулсан гэдгийг та бүхнийхээ өмнө тунхаглаж байгаадаа би баяртай байна.
· Онол, философи, тунхаг, Үндсэн хуулийн ялалт бол урьдчилсан ялалт мөн.
· Онол нь ялсны дараа нам нь ялдаг нь ертөнцийн жам.
Тийм ээ, ШИНЭ нам бол Монголын ирээдүйг авч явах аугаа нам мөн. Хэдийгээр бид дөрөвхөн настай боловч.
Тийм ээ, ШИНЭ нам бол Монголчуудын итгэл найдварыг биелүүлэх том нам болж чадна. Хэдийгээр бидний үзэл санаа түгэн дэлгэрч амжаагүй ч.
· Шинэ намын тэмцэл бол Шинэ хувьсгал номын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх явдал мөн.
· Шинэ намын тэмцэл бол “Их Монгол Улсын Их Засаг” Үндсэн хуулийн төслийг, ард нийтийн санал асуулгад оруулах явдал мөн.
· Шинэ намын тэмцэл бол 1992 оны Үндсэн хуулийг халах явдал мөн.
· Шинэ намын тэмцэл бол Таван толгойн хувьцааг ард түмэндээ үнэ төлбөргүй хувьчлах явдал мөн.
· Шинэ намын тэмцэл бол оюун санааны хувьсгалыг ялалтад хүргэх явдал мөн.
· Шинэ намын тэмцэл бол Их Монгол Улсаа сэргээн мандуулах явдал мөн.
Бидний эх орон унаж, ухарч гүйцжээ. Бидэнд, алгуурлан суух цаг үлдсэнгүй. Бид нэг үндэстэн. Бид нэг эх оронтой. Бид үхвэл хамт үхнэ. Бид сэхвэл хамт сэхнэ. Тиймээс бид нэгдэх ёстой. Тиймээс бид өөрчлөх ёстой. Өөрчилбөл өөрчилсөн шиг өөрчлөх ёстой. Өөрчлөхийн тулд цоо шинэ Үндсэн хууль батлах ёстой. Шинэ Үндсэн хууль гэдэг бол шинэ улс орон гэсэн үг юм аа.
Шинэ намын гишүүд ээ! Их Хурлын төлөөлөгчид өө!
Манай хурлыг үзэн суугаа нийт Монголчууд аа!
Та бүхнийг ШИНЭ нам уриалан дуудаж байна.
Шинэ нийгмийг бүтээх, шинэ Үндсэн хууль боловсруулах ажилд нам бүхнийг уриалан дуудаж байна.
Ард иргэд ээ! Улс төрийн намууд аа! Эрдэмтэн мэргэд ээ! Бүгдээрээ хамтдаа эрин зууны завсар дээрээс, эцэг дээдсийн сургааль дээрээс, энэ ертөнцийн философи дээрээс, эрдэмтэн мэргэдийнхээ гялбаан дээрээс, эрсдэл уналтынхаа туршлага дээрээс, эрх мэдэлтний гутамшиг дээрээс, эгэл олныхоо уухайн дээрээс, ижилгүй, хосгүй, Үндсэн хууль нэгийг БҮТЭЭЦГЭЭЕ.
Шинэ намынхаа III Их Хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
Шинэ нийгэм байгуулах ШИНЭ намын тэмцэл ялах болтугай.
Швейцарь лугаа улс байгуулах өвгөдийн хүсэл биелэх болтугай.
Их Монгол Улс минь эгнэгт мандан бадартугай.
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
snu
100% дэмжэж байна авилага худал хуурмагт идэгдсэн төр засагаа цэвэрлэж авцгаая
Шинэ нам л улсаа аварч иргэдээ ядуурлаас гарганада дандаа шудрага хүмүүс дэвшүүлээрэй эдийн засагч эрдэмтэн инженер залуусыг дэвшүүлээрэй
Энэ намд элсэн дэмжих бодолтой байна
Сэтгэл нэг л онгойх шиг болчихлоо.Тиймээ.Монгол ялна.Бид ялна Шинэ нам ялна