Энэ долоо хоногт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын баг, тамирчид Парис-2024 олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн тухай асуудлыг хэлэлцэж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан билээ.
Улмаар ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан БНХАУ-ын Шанхай хотод өчигдөр /2023.09.22/ хуралдсан Дэлхийн Допингийн эсрэг байгууллага /WADA/-ын хуралд оролцжээ. Хуралд хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор Монгол Улсыг цагаан тугийн дор жагсаах тухай багтсан байна.
Хурлын үр дүнд Дэлхийн допингийн эсрэг дүрмийг дөрвөн сарын дотор бүрэн биелүүлэх шаардлага тавьж, “ажиглалтын жагсаалт”-д оруулжээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Манай улс эдгээр биелүүлэх шаардлагатай дүрмүүдийг дөрвөн сарын хугацаанд биелүүлэх боломжтой" хэмээн нотолсноор нааштай шийдвэр гаргуулж чадсан байна.
Цаашид Монгол улсын Засгийн газар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Монголын Үндэсний Олимпийн хороо, Биеийн тамир, спортын Улсын хороо, Монголын Допингийн Эсрэг Үндэсний байгууллага /MONADA/ хамтран ажиллаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэх, эрсдэлийг арилгахад идэвхтэй хамтран ажиллах шаардлага үүсээд байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.