Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр гаргасан нэг бус бөхийн үйлдлийг хууль, хяналтын байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд шалгаж, шийдвэрлэжээ.
Тодруулбал, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 5.2.4-т “Бөхийн барилдааны үед засуул, хөлийн цэцийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэх, барилдааны талбайд даруу төлөв, ёс жудагтай байх” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлээр улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Б.Батмөнх, аймгийн арслан П.Эрхэмжаргал нарт Зөрчлийн тухай хуулийн 6.28-1 дэх хэсэгт заасан “Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчсөн” үндэслэлээр торгох шийтгэл оноосон байна.
Тухайлбал, улсын арслан Ц.Содномдорж Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дөрвийн даваанд аймгийн арслан Г.Жамбалдоржтой барилдахдаа, аймгийн арслан П.Эрхэмжаргал гурвын даваанд улсын харцага Л.Лха-Очиртой барилдахдаа, улсын заан Б.Батмөнх Богдхан уулын буюу Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын үзүүр түрүү булаалдаж улсын начин Д.Хүдэрбулгатай барилдахдаа үндэсний бөхийн дүрмийг зөрчсөн үйлдэл гаргасан юм. Тиймээс улсын арслан Ц.Содномдорж, Б.Батмөнх нарыг 500 мянга, аймгийн арслан П.Эрхэмжаргалыг хүний биед халдсан үндэслэлээр 100 мянган төгрөгөөр торгосон аж.
Харин даян аварга Н.Батсуурь улсын гарди цол хүртсэн Ц.Бямба-Отгонд унахдаа зүй бус үйлдэл гаргасан гэх асуудлыг баримтуудаар тогтоогдоогүй хэмээн хэрэгсэхгүй болгожээ.
Монгол үндэсний бөхийн уламжлалт ёс жаяг, бөхийн жудаг сахиагүй, өрсөлдөгч бөх, наадамчин үзэгч олныг үл хүндэтгэсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог тул холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг бөхчүүдэд сурталчлах, урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээ авч хэрэгжүүлэх, мөн дээрх зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах талаар МҮБХ-нд прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хахаха үнэхээр хийх юм олддоггүй юм байхдаа
Содномдорж гэж нэг хүн явсан газар бүртээ будилаан тарьж хэрүүл үүсгэж явах юм Өөрийгөө хэн гээд биеээ тоочихсон амьтан юм болдоо Ноднин нутагтаа очихдоо наадам будилуулж бараг л хөөгдөж шахаж байсан одоо болимоор юм .Ичиж амьдармаар юмдаа хөөрхий