Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв.
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан тэмдэглэлт өдрийн мэндчилгээг Монголынхоо нийт ард иргэд, үе үеийн парламентчид, парламентын Тамгын газрын ажилтнуудад өргөн дэвшүүлье.
Эдүгээгээс 33 жилийн тэртээ Монголын ард түмэн парламентын засаглалыг сонгож, орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын түүхийн шинэ хуудсыг нээсэн билээ. Улмаар монгол түмэн өөрийн цэцэн оюун, чин эрмэлзэл, гүн хүндэтгэлийг шингээж, Үндсэн хуулиараа засаглалын хэлбэрээ сонгон тунхагласнаар Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, засгийн эрх мэдлийг итгэж сонгосон төлөөллийн байгууллага болох Монгол Улсын Их Хурлаар дамжуулан хэрэгжүүлж байна.
Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Хууль тогтоох, төлөөлөх шинжийг хослуулсан байнгын ажиллагаатай парламентын хэлбэр, парламентат ёсыг соёлт ертөнцийн чухал нээлтийн нэг гэж үздэг бөгөөд манай үе үеийн парламентууд өөр өөрийн онцлог түүхийг бүтээсээр иржээ. Ингэхдээ ард иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон засаглах эрхийг бүрэн дүүрэн хангах явдал үе үеийн парламентын тэргүүн зорилго байсаар ирсэн.
Иргэдийнхээ эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, иргэдтэйгээ хамтран түүнийгээ ягштал хэрэгжүүлж, хэлбэрэлтгүй сахиулж, эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангаж чаддаг байх нь парламентат ёс төдийгүй аливаа улс үндэстэн цаашид тогтвортой оршин тогтнохын үндсэн дархлаа мөн.
Иймд зөвхөн шударга ёс, хууль засагладаг нийгэм, ардчилал, хүний эрхийг бүрэн утгаар нь дээдэлсэн төр сэргэн мандаж, хөгжин цэцэглэсэн шинэ Монголыг цогцлооход та бидний хамтын хүчин чармайлт чухал болохыг энэ тэмдэглэлт өдөр онцлон сануулахыг хүсч байна.
Монгол төр мөнх оршиж, монгол айл өрх, хүн бүрийн амьдрал дүүрэн жаргалтай байх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР
2023 оны 09 сарын 13
Улаанбаатар хот
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.