Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.
Нээлтийн ажиллагаанд Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга О.Ариунгэрэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, үйлдвэрийн газар хэлтэс, цех нэгжийн удирдлага, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, ахмад багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчид оролцлоо.
Эрдэнэт цогцолбор дээд сургууль өнгөрсөн хичээлийн жилд нийгмийн ухааны салбараар бүл нэмэн өргөжиж, англи хэл, нягтлан бодох, санхүү менежментийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Олон улсын Кембрижийн хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр эхний жилдээ амжилттай хэрэгжүүлсэн бол олон улсад ажиллах эрх бүхий гагнуурчин бэлтгэх хоёр удаагийн сургалтыг амжилттай төгсгөж, Политехник коллежийн үйл ажиллагааг жигдрүүлжээ.
Энэ хичээлийн жилээс Япон улсын инженер бэлтгэх Коосен технологийн коллеж тус сургууль дээр нээгдэхэд бэлэн болоод байгаа зэрэг олон шинэ амжилт, онцлог үйл явдлаар дүүрэн байсныг захирал, доктор Д.Зоригтхүү нээлтийн үеэр онцлов.
Өмнөх жилүүдэд оюутнуудын 90 гаруй хувь нь Орхон аймгаас элсэн суралцдаг байсан бол энэ жил шинээр элсэгчдийн 36 хувь нь Улаанбаатар хот болон 12 аймаг, орон нутгаас ирсэн оюутнууд байгаа аж. Улсын хэмжээнд дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг олон их дээд сургуулиас Эрдэнэт цогцолбор дээд сургуулийг сонгож, суралцахаар элссэн оюутнууддаа талархал илэрхийлэхийн ялдамд уул уурхайн ууган сургуульд тавтай суралцахыг урьж буйгаа багш ажилтнууд энэ үеэр илэрхийлсэн.
Тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилд бакалаврын 14 хөтөлбөрт 182 оюутан шинээр элссэн бол магистрын 13 хөтөлбөрт 150 оюутан суралцана. Ахлах сургуульд 109 сурагч, Эрдэнэт политехник коллежийн 3 хөтөлбөрт 41, Коосэн коллежийн 3 хөтөлбөрт 37 оюутан хичээллэж, нийт 1245 суралцагчтайгаар шинэ жичээлийн жилээ угтаж байна.
Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн хамт олон, олон улсын ISO 21001 стандарт нэвтрүүлсэн сургуулийн хувьд 2023-2024 оны хичээлийн жилд хүн бүр өдөр бүхэн “Угтаж мэд, тосож бэлд, босож дав, тэсэж дав, тунгааж бод, сайжирч үлд” уриа дэвшүүлэн, суралцах зорилттой ажиллах юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.