Говь-Алтай аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам 8-р сарын 01,02-ны өдрүүдэд болно. Өнөөдрөөс баяр наадмын үйл явдал ерөнхийдөө эхэлж, уяачдын наадам, хүүхдийн наадам, соёл урлагийн хөтөлбөрүүд аймгийн төв Алтай хотод эхэлжээ.
НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар:
-Юуны өмнө нутгийн зон олондоо баярын мэнд хүргэе. Богино хугацаанд бид олон ажлыг амжуулж чадсан. Нийтдээ бэлтгэл ажилд 1100 гаруй хүн ажиллалаа. Ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ нутаг орондоо үлдэх зүйлтэй байлгахыг зорьсон. Нэгдүгээрт, Хантайшир дэвжээний спорт цогцолборыг хандивлагчдын мөнгөөр босгож чадлаа. Ид шидийн орныг хүүхдүүдэд зориулж мөн хандивлагчдын мөнгөөр босгоно. Дотуур байрыг ч мөн хандиваар босгохоор зорьж байна.
Хоёрдугаарт, наадмын онцлог хэд хэд бий. ЖДҮ-чид тусгайлан үзэсгэлэн гаргаж байна. Энэ үзэсгэлэн нэлээд орлого өндөртэй байж, жижиг дунд үйлдвэрлэгчдийг маань дэмжих болов уу гэж найдаж байна. Залуучуудыг нэгтгэх зорилгоор ганц бие залууст зориулж аймгаас зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд гурван хосын хуримыг баяр наадмын сүүлийн өдөр хийнэ. 100 жилийн төгсгөлд цаашид нутаг орон хөгжин дэлгэрэхийн бэлгэдэл болгож энэхүү арга хэмжээг зохиож, өргөө цагаан гэрээр мялаах юм.
Баяраа зорьж ирсэн иргэдийг сум сумдад байршуулахаар бодож 500 гаруй гэр барьсан. Нэмэлтээр хувийн хэвшлийнхэн кемпүүд байгуулсан. Ирсэн зочид ямар ч байсан гадаа хонохгүй. Машины зогсоол хангалттай. Баярын нээлт дээр олон сайхан сюрприз барьж наадамчин олноо уйдаахгүй. Алтай нуруунаас үүсэл гаралтай алтайн магтаалаа хайлна. Урлаг соёлын арга хэмжээг томоохон студи продакшнууд зохион байгуулж байна. Алтай нутгийн зон олон та бүхнийг Хан Тайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жил, Говь-Алтай аймгийн баяр наадамдаа хүрэлцэн ирэхийг урьж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.