Маньбадарын САЙНБАЯР /Эрхзүйч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг иргэнд өмчлүүлэх хуулийн төслийн санаачлагч, ШИНЭ намын Ерөнхий зөвлөлийн гишүүн/
Нэг. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий 1072 хувьцааны өмчлөлийн эрхийг Засгийн газрын тогтоолоор хязгаарласан нь Үндсэн хуулийг зөрчсөн
Ардчилсан улс оронд Үндсэн хуулиар иргэнийхээ өмчлөх эрхийг хамгаалдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 5.1 дүгээр заалтад иргэний өмчлөх эрхийг хамгаалахаар тусгасан төдийгүй өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болох эрх зүйн зохицуулалттай.
Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компаниас эзэмшиж буй иргэн бүрийн 1072 хувьцааг иргэнд өмчлүүлэхдээ саналын эрхгүй, өөрөөр хэлбэл Засгийн газарт нэрлэсэн үнээр нь буцааж худалдахаас өөрөөр захиран зарцуулах эрхгүй байхаар шийдвэрлэсэн. Захиран зарцуулах эрхэд хувьцааг иргэнд худалдах, худалдан авах, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах эрхүүд багтах ч Засгийн газрын тогтоолоор Үндсэн хууль зөрчин дээрх эрхүүдийг хязгаарлан хаасан. Үндсэн хууль зөрчсөн уг тогтоолын хүчин төгөлдөр эсэхийг ч ярих ёстой.
Ашигт малтмалын тухай хуулиар байгалийн баялгийг иргэн бүр өмчилж, тусгай зөвшөөрлийг эзэмших боломжгүй учраас тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд байгалийн баялгийг өөрийн өмч мэт үзэн гадаад, дотоодын банкны барьцаанд тавьж байна. Ашигт малтмалын тухай хуулиараа тусгай зөвшөөрлийг худалдаж болно, бусдад шилжүүлж болно гээд заачихсан учраас байгалийн баялаг маань аж ахуйн нэгжүүдийн өмч болон хувирч байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж буй хэрэг юм.
Хоёр. Засгийн газрын мэдлийн хувьцаанаас хулгайлагдсан байж болзошгүй
“Эрдэнэс Тавантолгой” компани анх хувьцаа гаргах үед аж ахуйн нэгжид 10 хувь, иргэнд 10 хувийг олгохоор шийдвэрлэж байв. Үүнээс 0.05 хувь буюу 7 сая ширхэг нь 486 аж ахуйн нэгжид очсон бол 2 сая 511 мянган иргэнд 2.2 тэрбум буюу нийт хувьцааны 14.7 хувь нь хуваарилагдсан. Үлдсэн хувь нь Засгийн газарт үлдсэн ч төрийн мэдлийн хувьцааны талаарх мэдээлэл тодорхойгүй, хяналтгүй байна.
Засгийн газрын эзэмшиж буй хувьцааны хэмжээг тухайн үед нийт хувьцааны 85 хувь хэмээн мэдээлж байсан боловч өнөөдөр хувьцаа эзэмшигчдийн хурал дээр мэдээлснээр 81.5 хувь гэжээ. Бидний тооцоолж буйгаар Засгийн газрын эзэмшиж буй хувьцааны тоо нийт хувьцааны 88.8 хувь байх ёстой юм. Яагаад гэхээр Засгийн газар өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа сонгуулийн зорилготой улс төрийн шийдвэр гаргаж, үүндээ зарим иргэний 1072 ширхэг хувьцааг шилжүүлэн авсан.
Иймэрхүү байдлаар Засгийн газрын буцаан авсан хувьцаа нийт 573 сая ширхэг буюу нийт 15 тэрбум хувьцааны 3.8 хувь болж байна. Энэ нь төрийн мэдлийн хувьцаан дээр нэмэгдэх ёстой. Гэтэл нэмэгдэх биш хасагдчихаад байна.
Төрийн мэдлийн хувьцаа 81.5 хувь болчихсон байна гэдэг нь анхны 85 хувиас ердөө 3.5 хувийн зөрөө боловч үүний цаана 489 тэрбум төгрөгийн хувьцаа алга болсон гэсэн үг юм. Төр хувьцааны хулгай хийж байж болзошгүй байгаа юм.
Гурав. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий хувьцааны үнэ нь эдийн засгийн тооцоогүй, улс төрийн үнэлгээ юм
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гаргахдаа Засгийн газар эдийн засгийн үндэслэл, тооцоололгүй, зөвхөн улс төрийн шийдвэр гаргасныг Үндэсний аудитын газар 2019 оны тайландаа дурдсан байна. Мөн тайланд нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр үнэлж бүртгэсэн нь санхүүгийн ямар нэгэн тооцоо, судалгааны нотлох баримтгүй байгааг тэмдэглэжээ. Тэгэхээр өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний нэгж хувьцаа ямар үнэтэй нь мэдэгдэхгүй явж ирсэн нь Тавантолгойн ордын үнэлгээг бодитой бус болгож, баялгийг нь үнэгүйдүүлж байна.
Улс төрийн шийдвэрээр 2012 онд нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тооцон 15 тэрбум ширхэг хувьцаа гаргахаар тогтоосон юм бол тус орд нийтдээ 13.9 их наяд төгрөгийн үнэлгээтэй болж таарч байна. Энэ нь ам.долларт шилжүүлбэл 3.9 тэрбум болох бөгөөд манай улсын жилийн төсвөөс 5 дахин бага тоо. Гэтэл нөөцөөр нь бодоод үзэхэд Тавантолгойн ордын үнэлгээ 2023 оны ханшаар 850 тэрбум ам.долларт хүрэх юм. Эндээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа ордын үнэ цэнийг зориуд унагаж байна.
Дөрөв. Хувьцааны хямд үнэлгээ Тавантолгойн ордын нөөцийн үнэ цэнийг унагаж байна
Тавантолгой ордын коксжих нүүрсийг 2018 онд уурхайн амны үнээр тонн тутмыг нь 70 ам.доллараар зарж байв. Хэрэв энэ үнээр авч үзвэл 350 тэрбум ам.долларын үнэлгээтэй орд байх байжээ. 2022 онд уурхайн аман дээрээс 110 ам.доллараар зарж байсан. Энэ үнээр нь үзэх юм бол 550 тэрбум ам.долларын үнэлгээтэй орд юм. Харин 2023 онд Хөрөнгийн биржээр нүүрсээ зардаг болсноор тонн тутмыг 170 ам.доллараар зарж байна. Энэ үнэлгээгээр нь үзвэл 1.4 их наяд ам.долларын үнэлгээтэй орд болж байгаа юм.
Гэвч дэлхийн зах зээлд нэг тонн коксжих нүүрсний үнэ 450 ам.доллар байна. Яагаад нөөцөөр нь үнэлээд байна вэ гэвэл дэлхийн зах зээл ерөөсөө ингэж үнэлдэг. Манайд ч ингэж үнэлж байгаа жишиг байна.
Тав. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны бүх хувьцааг иргэдэд өмчлүүлэхэд багадаа 88 мянган ам.долларын хөрөнгө хуваарилагдана
Тавантолгойн орд нь олон улсад мөрдөгддөг Канадын ЖОРК стандартаар тооцсоноор 7.3 тэрбум тоннын нөөцтэй, үүний 5.1 нь коксжих, 2.2 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс юм. Эрчим хүчний гэж хэлж байгаа ч эрчим хүчний нүүрснээс өндөр буюу 5000 килоклалориас дээш илчлэгтэй. Үүнээс 160 сая тонныг нь олборлон борлуулсан гэж тооцоход 4.9 тэрбум тонн нүүрсний нөөц үлдсэн байх боломжтой. 2022 оны уурхайн амны үнэ болох 100 ам.доллараар тооцоход л нийт 490 тэрбум ам.долларын баялаг байна.
Дэлхийн зах зээл дээр коксын нүүрс тонн нь 100 биш 450 ам.доллараар үнэлэгдэж байна. Коксжих нүүрсний нөөцийг тонн тутмыг нь 450 ам.доллараар ч биш, бүр зуугаар ч биш, хамгийн багадаа 60 ам.доллараар тооцоход л 300 тэрбум ам.долларын үнэлгээтэй орд байна. Тус ордыг эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий 15 тэрбум ширхэг хувьцаа байгаа бол тэдгээрийг бүх иргэнд өмчлүүлье.
Багадаа 300 тэрбум ам.долларын баялгийг 15 тэрбум ширхэг хувьцаанд хуваахад нэгж хувьцааны үнэ 20 ам.доллар болж байгаа юм. Төрд байгаа хувьцааг иргэддээ өгөхөд одоо эзэмшиж буй 1072 хувьцаан дээр 3328 ширхэг хувьцаа нэмэгдэж очихоор байна. Нийт 4400 ширхэг хувьцаа нэг иргэнд очно гэвэл нэгж хувьцааны үнийг 20 ам.доллараар үнэлэхэд л та бидэнд 88 мянган ам.долларын үнэ цэн бүхий хөрөнгө хуваарилагдан очно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.