Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулагдах арга хэмжээний талаарх мэдээллийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Урлаг соёлын арга хэмжээний салбар хорооны дарга М.Батбаяр өглөө.
Тэрбээр:
-Соёл урлагийн салбар хороо Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулагддаг найман арга хэмжээг хариуцан ажилладаг. Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах ерөнхий найруулагчаар "Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анарыг томилсон. Энэ жилийн наадмыг “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулна. Энэ нь эвийн хүчээр мөнхөд тусгаар Монгол оршихыг бэлгэдэж буй.
Үндэсний их баяр наадмыг угтан “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнг долоодугаар сарын 7-15-ны өдрүүдэд Чингис хаан музейд зохион байгуулна. Үндэсний хувцасны “Дээлтэй монгол” арга хэмжээ долоодугаар сарын 9-ний өдөр 11 цагаас Сүхбаатарын талбайд эхэлнэ. Түүнчлэн “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн МУЭ-ийн хорооны үзэсгэлэнгийн танхимд гарна. Төрийн хүндэтгэлийн концерт долоодугаар 10-ны 15:00 цагаас СТӨ-нд, мөн Д.Сүхбаатарын талбайд 21:00 цагаас болно. Мөн Хүй долоон худагт соёлын наадам арга хэмжээг тусгай хөтөлбөрөөр зохион байгуулна.
Наадмын нээлт, хаалтыг мэргэжлийн урлагийн бүхий л төрөлд инновацыг шингээн бүх насны үзэгч, наадамчдад хүртээмжтэй, шинэлэг хэлбэрээр найруулахаар зорьж байна. Эдгээр арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж байна хэмээлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.