“Эрдэнэт үйлдвэр” хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулж, 1600-1800 тонн зэсийн баяжмал гаргаж, үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг бүрэн хэмжээгээр ажиллуулж байна.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх:
-"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ цар тахлын хүнд үед улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлснээс гадна нийт монголын ард түмэн, айл өрх, албан байгууллагын цахилгаан, дулаан, усны төлбөр төдийгүй хог хаягдлынх нь төлбөрийг төлөх Засгийн газрын түүхэн шийдвэрийг биелүүлж ажилласан. Үүний хажуугаар үйлдвэрлэлийн ирээдүйд шаардлагатай техник технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийнхээ өргөтгөлийн ажлуудыг тасралтгүй явуулж байв.
Уурхай цаашид хэдэн жил ажиллах вэ гэдэг нь нөөц баялгаас шууд шалтгаалж байдаг. Бид үйлдвэрлэлээ явуулахаас гадна, нөөц баялгийг нэмэгдүүлэх ажлыг цаг алдалгүй үргэлж хийж явах ёстой. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрийнхээ хүдрийн нөөцийг нэмэгдүүлэх, хайгуулын ажилд бид 2016 оноос хойш 30 орчим сая доллар зарцуулсны үндсэн дээр үйлдвэрлэлийнхээ нөөцийг 2022 оны эцэст шинэчлэн тогтоосон. Энэ нөөцөөрөө 46 жил үйлдвэр өнөөдрийнхөө хүчин чадлаараа ажиллана.
Цаашдаа үйлдвэрийн нөөцөд авах, геологийн нөөцийн судалгаагаа хийгээд явж байна. Энэ геологийн нөөцөө нарийвчлан судлах шаардлага байна. Энэ нөөцөөр тооцох юм бол цаашдаа 60-70 жил ажиллах нөөц байна гэж үзэж байна. Үүний үндсэн дээр хүдрийнхээ нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд Оюутын ордын геологи хайгуулын нарийвчилсан хайгуулын ажлыг эхлүүллээ. Оюутын ордод урьдчилсан таамгаар хүдрийн нөөц байгааг тогтоосон. Нарийвчилсан хайгуулаар хүдрийн нөөцийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар 8 мянган орчим тууш метр өрөмдөөд гарсан дээжүүдэд шинжилгээ хийж үзэхэд сайхан нөөц илэрч байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.