“Амлалт.мн” цахим хуудсанд 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Саусгоби сэндс ХХК-ийн автомашин осолдож, монгол хүний амь нас эрсдэлд орсон гэв үү”, мөн өдрийн “Сануулга.мн” цахим хуудсанд “Саусгоби сэндс ХХК дээр онц ноцтой автомашины осол гарсныг нуун дарагдуулсан уу” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ.
Сэтгүүлч А.Галт нь нийтлэлийг бичихдээ ямар ч нотлох баримтгүйгээр бодит байдлыг зориуд мушгин гуйвуулж, олон нийтэд үндэслэлгүй мэдээлэл тараан компанийн нэр хүнд, хууль ёсны ашиг сонирхолд ноцтойгоор халдсан байх тул дараах Мэдэгдлийг гаргаж байна.
Тус компанийн ажилтан 68-04 ӨМЕ улсын дугаартай Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Шивээхүрэн боомт явах замдаа буюу Морин заг өртөө орчмын орон нутгийн хатуу хучилттай, засмал зам дээр 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 30 минутын үед осолдсон.
Ослын дуудлагыг хүлээн аваад компанийн эмнэлэгийн баг бүрэлдэхүүн, аюулгүй ажиллагааны мэргэжилтнүүд хэргийн газар дээр шуурхай очиж тухайн ажилтанд анхан шатны тусламжийг амжилттай үзүүлэн Гурвантэс сумын эмнэлэгт хүргэсэн.
Гурвантэс сумын эмнэлэгийн эмч, ажилтнуудаас гадна аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн эмч, сувилагчид ажилтны биеийн байдлыг давхар хянаж, эмчилгээ, оношилгоо хийж байсан.
Мөн тус компани нь өөрийн ажилтнаа 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр бага оврын онгоц түрээслэн гэмтлийн эмч, сувилагч нарын тусламжтайгаар Улаанбаатар хотод авчирсан бөгөөд тэрээр одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.
Тээврийн хэрэгсэлд тус компанийн ажилтан ганцаараа явсан, уг осол гарсныг холбогдох байгууллагуудад шуурхай мэдэгдэж, ажилтныхаа амь насыг аврахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажилласан болно.
“САУСГОБИ СЭНДС” ХХК
2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.