“ICT Forum Mindgolia 2023” арга хэмжээний үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал MINING TO MIND ROADMAP илтгэл тавилаа.
ЦХХХ-ны сайд Н.Учрал:
-1990 оноос хойш төрийн ямар нэг дэмжлэггүйгээр олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд хүрч чадсан цорын ганц салбар бол мэдээлэл технологийн салбар юм. Мэдээлэл технологийн салбарын хөгжлийн ололт, дэвшлийг ашиглаагүй аль ч салбарыг бүтээмжтэй үр ашигтай хөгжүүлнэ гэдэг нь өрөөсгөл. Гурван өдрийн турш болох ICT forum, ICT expo-г Mindgolia уриан дор зохион байгуулж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийг төрөлжүүлж, “Олборлолтоос оюун санаа руу чиглүүлэх” арван жилийн талаар эхлүүлэхээр хамтдаа чуулж, ярилцах болно.
Алсын хараа 2050 хөтөлбөр болон Шинэ сэргэлтийн бодлогод манай салбарыг хөгжүүлэх эрх зүйн шинэчлэл, бодлого өөрчлөлтүүд багтсан. 2019 оноос хойш улс төрийн манлайлал дор өргөжин хөгжиж байна. Цахим шилжилт рүү хүрэх эцсийн цэг нь 93 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа эдийн засгаа технологи шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, төрөлжүүлэх чиглэлд зорьж байгаа юм. 2020-2030 оныг технологи суурьтай жилүүд байна. Шинэ гучин жилийн эхлүүлэх гарааны жилд бид ирсэн байна.
Төр хувийн хэвшлийн түншлэлээ хөгжүүлэх эко системийг хөгжүүлснээрээ ямар ач холбогдолтой вэ гэдгийг ярьж цахим хөгжлийг түүчээлэх, талуудын оролцоог хангах гол зорилтын дэвшүүлж бид гурван өдрийн турш хэлэлцэнэ.
Технологийн салбар бусад салбарыг бодвол асар хурдтайгаар хөгжсөн салбар. Төрөөс түрүүлж алхсан. Төр саад тотгор үзүүлэх бус харин дэмжих шаардлагатай.
Харилцаа холбооны үйлчилгээний орлого 1.7 их наяд төгрөгийг бүрдүүлж байна. 76 хувь нь үйлчилгээний орлого байгаа юм. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниуд энэ мөнгийг төвлөрүүлж байна. Нийгмийн хариуцлагаа хамгийн их ухамсарласан гэдгийг хэлмээр байна. Улсын төсвөөс нэг ч төгрөг авалгүйгээр Үүргийн санг татварын гурван хувиа төвлөрүүлээд 448 тэрбум төгрөгийг бүрдүүлж, 155 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 1226 багт ямар нэг байдлаа дэд бүтцийг нь шийдэж холболт өгсөн байгаа юм. Энэ бол нийгэмдээ үзүүлж байгаа хамгийн том гавьяа юм.
Өнгөрсөн хугацаанд төр тендер зарлахдаа юу зарлаж байгаагаа мэддэггүйгээс 900 гаруй тэрбум төгрөг салхинд хийссэн. Энэ бол төр тендер зарлаж чаддаггүйг харуулж байгаа юм. Яагаад гэвэл мэргэжлийн худалдан авагч гэж алга.
ДНБ-нд мэдээлэл технологийн салбар эзлэх хувь 0.24 байна. Бид цаашдаа цахим шилжилтийг эдийн засаг гэж хардаг болно. Шинжлэх ухааныг эргэлтэд оруулах үйл явцыг инновац гэнэ. Эдийн засгийн бодлогын шинэчлэлд нэгдье гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.