Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 40 гаруй асуудал хэлэлцэж байгаа. Тэгвэл хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулав.
"Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзалт хийсэн.
Энэ уулзалтаар ногоон технологийг нэвтрүүлэх хамтран ажиллах талаар ярилцсан. Энэ хүрээнд интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгыг агуулж байгаа "Старлинк" компанийг Монголд үйл ажиллагаа явуулахад боломж бололцоогоор хангахад хамтарч ажиллах талаар ярилцсан.
Өнөөдөр "Старлинк" компани АНУ, Канад, Англи, Герман, Шинэ Зеланд зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байгаа. Азид Японд 2022 онд, Флиппинд 2023 онд үйлчилгээгээ нэвтрүүлээд өнөөгийн байдлаар 4000 гаруй нам орбитын хиймэл дагуулыг хөөргөн дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгож байна.
Манайх шиг өргөн уудам газар нутагтай улс оронд Харилцаа холбооны салбарт шинэ дэд бүтцийг нэмэгдүүлж, интернэтийн хүртээмжийг малчид, хөдөө орон нутагт хүргэх шаардлага үүсэж байна. Өнгөрсөн хугацаанд улсын гурваны нэгийг шилэн кабель интернэт сүлжээгээр холбосон.
Цаашид өргөн уудам газарт интернэтийг хүргэхийн тулд шинэ дэд бүтцийг бий болгоно. Үүний тулд "Старлинк" компанийг Монголд оруулж ирэх нөхцөл бололцоогоор хангах шаардлагатай байна. Үүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзах үеэрээ дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Өнгөрсөн хугацаанд "Старлинк" компанитай хэд хэдэн яриа хэлэлцээр хийсэн.
Анх "Старлинк" компани 2022 оны тавдугаар сарын 6-нд Харилцаа холбооны зохицуулах хороонд Монгол компаниа байгуулаад үйл ажиллагаагаа эхлүүлье гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Миний хувьд сайдаар томилогдсоныхоо дараа нам орбитын үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл гэсэн сайдын тушаалыг хүчингүй болгосон. Энэ сайдын тушаал дээр "Старлинк компани орж ирэхэд газрын станцыг байгуулах шаардлагатай" гэсэн байсан.
Нам орбитын үйлчилгээ эрхлэхэд газрын станцын байгуулах ямар ч шаардлагагүй байдаг. Энэ утгаараа баримтлах зарчмыг цуцалсан. Ингэснээр тус компани Монголд үйл ажиллагаа явуулах нээлттэй гэж үзэж байна.
"Старлинк" Монголд дахь салбараа байгуулаад ХХЗХ-нд хүсэлтээ гаргасан. Бид Зөвшөөрлийн хууль болон Харилцааны холбооны хуульд тодорхой өөрчлөлт оруулаад ирэх долдугаар сард "Старлинк" компанийн ажилтнууд Монголд ирж ажиллах үеэр нэгдсэн шийдэлд хүрнэ" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.