- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Иргэн Ж нь төрийн албанд нийт 30 гаруй жил ажилласан, 2019 онд төрийн албанаас түр чөлөөлөгдөөд, 2021 онд эргэн орж, 2 жил орчим ажиллаад тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтээ холбогдох захиргааны байгууллагад гаргажээ.
Гэвч захиргаанаас “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2-т “... энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ.” гэж заасан байна, уг шалгуурыг хангахгүй байгаа тул тусламж олгох боломжгүй” гэсэн хариу өгсөн байна.
Иймд тэрбээр Засгийн газрын баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2, 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Ж нэхэмжлэлдээ “... журмын дээрх заалтууд нь Төрийн албаны тухай хуулиар хориглоогүй асуудлаар хязгаарлалт хийсэн, шударга ёсыг зөрчиж тэгш бус байдлыг үүсгэн ахмад төрийн албан хаагчдыг илтээр хохироож байна...” гэснийг хариуцагч эс зөвшөөрч “... тухайн журмын заалт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хамгаалахад чиглэгдсэн, хуулийн дагуу гарсан...” гэж үгүйсгэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг (анхан шатны журмаар) хянан хэлэлцээд маргаан бүхий журмын заалт нь “хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгох эрхийг хөндөөгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр өөрчилж шийдвэрлэлээ.
Төрийн албаны тухай хуульд “төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол төрөөс нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор, тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байх”-аар заасан. Энэхүү тусламж нь төрийн албан хаагчид үзүүлэх нийтлэг баталгааны нэг бөгөөд төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хангах үүднээс тус албанд тасралтгүй, олон жил ажилласан иргэнийг урамшуулах зорилгоор тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгох төрийн дэмжлэг байна.
Гэтэл Засгийн газраас “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг батлахдаа 1.2 дахь заалтаар “төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан” тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авахаар хязгаарласан нь сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажиллаагүй боловч нийт 5-аас дээш, тухайлбал 10-30 жил ажилласан иргэнийг (нэхэмжлэгчийн тохиолдол) тусламж авах боломжгүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх” зарчимд нийцээгүй гэж хяналтын шатны шүүх үзлээ.
Тодруулбал, хуульд заасан “нэг удаагийн буцалтгүй тусламж”-ийн зорилго нь төрийн албанд олон жил, тогтвортой ажилласан байдлыг урамшуулах зорилготой байхад уг журмын маргаан бүхий заалтаар нийт 5 жил ажилласан бол олгохоор журамласан атлаа 30 жил ажилласан хүнд олгогдохооргүй үр дагавар үүсгэж байгаа нь хуулийн зорилгод нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, цаашилбал захиргааны үйл ажиллагааны нийтлэг зарчим болох Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны шударга ёс, тэгш байдлын зарчим зөрчигдсөн гэж дүгнэв.
Иймд журмын 2.1 дэх заалтыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд уг заалтыг Төрийн албаны тухай хуулийн зорилгод нийцүүлэн, төрийн албанд олон жил (5-аас дээш жил) ажилласан иргэдийн эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр, өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тусламж олгох шалгуур нөхцөлийг тэгш байдал, шударга ёсны зарчмыг хангасан байдлаар дахин зохицуулалт хийхийг Засгийн газарт үүрэг болгох нь зүйтэй гэж үзэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.
Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв шийдвэр гарчээ. Төрд олон жил ажилласан хүнийг урамшуулах зарчимтай.
Төрийн байгууллагад ажилласан жилээр тэтгэмж олгох уу жишээ нь 25 жил бол 25 жилтэй дүйцэх тэтгэмж олгох юмжж
Хууль хэнд ашигтай үйлчлэхийн тулд гаргадгийг мэдэхгүй хүн батлаад байгаа нь энэ шүү дээ
Төрд тасралтгүй 16 жил ажиллаж байгаад өөр салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүнд энэ хуулийн заалт хэрэгжих үү? Уг нь төрд ажиллаж байсан хүн шүү дээ.
Зөв шийдвэр гаргаж байгаад баярлалаа. Энэ журмыг анхан шатны төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад бүүр 1 сар ч тасалдаагүй байх ёстой гэж гуйвуулан хэрэглэж бгаа. Ар гэрийн шаардлагаар 3 сарын цалингүй чөлөө авах эрхтэй боловч энэ 36 сар хүртэлх тэтгэмжээ авч чадахгүй болчих учир авч чадахгүй хохироод явж бгаа шүү. Ер нь энэ 36 сарын хэдэн төгрөгө авах гэж л өглөөнөөс орой болтол ажиллаж бгаа шүү.
Зөв шийдвэр гарчээ.
ТАХ: Төрийн албатай дүйцэхүйц Олон Улсын байгууллагын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудад ажилласан бол мөн төрийн албан хааснаар тооцох заалтыг төрийн албаны тухай хуульд тусган хэрэгжүүлэх хэрэгтэй. ОУБайгууллагууд төрийн хийж гүйцэтгэх ажилд маш их тус дэм болохуйц үйл ажиллагааг манай улсад хэрэгжүүлдэг болохыг хэн хүнгүй мэддэг дээ. Төр засаг минь харьж үзмээр байна.
Төрийн үйлчилгээний алба энд хамаарна биз дээ Багш эмч нарыг энэ ойлгомжгүй орон гаран заалтаар их хохироогоод байгаа цэцэн ухаантнууд даа
Зөв
Би төрд ажилласан 14 жилээрээ тэтгэмжээ төсөвт суулгуулсан.Үүнд ороогүй үлдсэн 4 жилийн тэтгэмжийг хүсвэл нөхөж суулгах уу
Соёлын салбарт 3 жил нярав хийж бгаа хүнд36 сартай тэтгэмж олгогдох уу тэтгэвэрт гарахад
Тэтгэмж олгоход хамаарах жилийг гүйцэд зөв тооцоолж бгаа эсэхийг шалгадаг газар бдаг уу
Улсад 16 жил ажилласаны 1 удаагмйн тэтгэмж яаж бодог юм бол
Улсаас олгогдож буй 1 удаагийн буцалтгүй тусламжийг зөв тооцоолж гаргасан эсэхийг шалгадаг газар байдаг уу?
5жилээс дэш тогтвортой ажилсан л бол тэтгэвэрт гарахдаа 36сарта тэнцэх тэтэглэг авна гэж ойлголоо
энэ тэтгэмж олгох журмандаа өөрчлалт оруулах хэрэгтэй. Зарим хүмүүс тэтгэмж хвахын тулд зөвхөн сүүлиын 5 жил төрд ажиллаад авч байхад төрд 15-20 жил ажиллачихаад сүүлийн 3-5 жил амьдрал ар гэрийн шалтгаанаар ажиллаж чадалгүй тэтгэмжээ авч чадалгүй тэтгэвэрт гарч байгаа хүн байна. 5 жил ажиллах, амьдралынхаа 20 жилийг төрийн ажилд зориулах 2 асар их ялгаатай үүнийг харгалзаж үзэх хэрэгтэй