Гурван өгүүлбэрээр:
Үйлдвэрлэгчдийн хувьцаа
2023 оны эхний таван сарын байдлаар МХБ-ийн Топ-20 сагсад багтдаг дотоодын үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш буурсан хөдөлгөөнтэй байна. Тухайлбал “АПУ” ХК-ийн нэгж хувьцааны ханш сүүлийн арилжааны байдлаар 1293 төгрөг байгаа нь өнгөрсөн оны сүүлийн хаалтын ханшаас 28 хувиар буурсан дүн юм. Харин “Говь” ХК-ийн зах зээлийн үнэлгээ нь өмнөх оны мөн үеэс 20 тэрбум төгрөгөөр буурч, 204.3 тэрбум төгрөг болсон ч нэгж хувьцааны ханш нь энэ оны эхний таван сард 5.5 хувь өссөн үзүүлэлттэй байна. Мөн “Түмэн Шувуут”, “Сүү”, “Монос хүнс” компаниудын хувьцааны хөдөлгөөнийг харвал:
СЗХ-ны нэгдүгээр улирлын тайлангаар аж үйлдвэрийн салбарын компаниудын нийт зах зээлийн үнэлгээ нь Топ-20-ийн 38.3 хувийг бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 19.6 нэгж хувиар буурсан дүн болжээ. Энэ нь системийн нөлөө бүхий банкнууд хөрөнгийн захад гарсантай холбоотой гэж дүгнэж болно.
Гангийн үйлдвэрийн хэрэгцээ
Дотооддоо арматур үйлдвэрлэх шаардлага байгаа учраас гангийн үйлдвэр байгуулах нь нэн чухал гэдгийг Аж үйлдвэржилтийн үндэсний хороо онцолж байна. “Barilga.mn”-ийн мэдээлснээр барилгын нийт арматурын 80 хувийг импортолж байгаа бол үлдсэнийг нь дотоодоос хангаж байгаа аж. Арматурын үйлдвэрлэлийн өртгийн 24 хувийг импортын түүхий эд материал бүрдүүлдэг тул энэ хэрээр импортын түүхий эдийн үнэ өсвөл дагаж өсөх магадлалтай байна. Түүнчлэн ган боловсруулах үйлдвэр барихад эрчим хүчний эх үүсвэрийг хамтад нь шийдэхээс өөр аргагүй байгаа тухай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт мэдээлж байв.
5 дахь IPO
Системийн нөлөө бүхий банкнуудын тав дахь IPO-г хийж буй ХасБанкны үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа эхлээд байна. Арилжааны эхний өдөр тус банкны хувьцааны захиалгын биелэлт 80.5 хувьтай, нийт 4,728 захиалагчаас 28.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий захиалга авч хаагдаад байна. ХасБанкны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хийгдсэнээр Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөг давах төлөвтэйг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан цан цохих ёслолын үеэр онцолсон юм.
Байр суурь
“Японд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тодорхой нэг зорилтод төвлөрсөн бодлогууд илүү үр дүнгээ өгсөн. Энэ нь нөөц бололцоо хязгаарлагдмал байсантай холбоотой. Нэг зорилтод төвлөрснөөр хязгаарлагдмал нөөц бололцоогоо бүхэлд нь тодорхой салбар чиглүүлэх боломжтой учир илүү сайн үр дүн гардаг. Жишээлбэл, 1950-иад оны үед Японд автомашин үйлдвэрлэлийн салбарын тоног төхөөрөмж, технологийг шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд ЗГ төрийн өмчийн санхүүгийн институтүүдээр дамжуулан жижиг, дунд бизнесүүдэд бага хүүтэй зээл олгож байв. Тэгэхээр Монгол Улс аж үйлдвэрээ хөгжүүлэхийг хүсвэл магадгүй эхлээд аль чиглэлд төвлөрөхөө тодорхойлох хэрэгтэй гэж бодож байна” хэмээн JICA-ийн Хувийн хэвшлийн хөгжлийн салбарын Ахлах pөвлөх Фүнабаши Гакү “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа өгүүлэв.
ҮХӨ ойртсоор
Тавдугаар сарын 22-ноос 30-ны хооронд Үндсэн хуулийн өөрчлөлтийн гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үйл явц өрнөж, өнөөдрөөр дуусгавар болж байна. Хэлэлцүүлж буй сүүлийн хувилбараар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 152 байхаар тусгасныг 126 болгон өөрчилж, сонгуулийн тогтолцоо холимог байх заалтыг мөн тусгаад байна. УИХ-ын гишүүдийн тоог 126 байх эсэхийг өнөөдөр УИХ дахь бүлгүүдийн хурлаар хэлэлцэж, эцэслэн товлох болохыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.
Өрөмдлөг амжилттай
Өмнөговь аймагт метан хийн хайгуул хийж буй TMK Energy компани “Гурвантэс XXXV” төслийнхөө туршилтын цооног өрөмдөх хөтөлбөрийн сүүлийн буюу гурав дахь цооногийг амжилттай өрөмдөж дуусгаснаа мэдээлээ. Өрөмдлөгийн үр дүнд компани 68 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүлсэн нь төслийн гурван цооног дундаас илрүүлсэн хамгийн зузаан хийтэй нүүрс болж байна. Түүнчлэн TMK өмнө нь өрөмдсөн хоёр цооногоо үйлдвэрлэлийн байгууламжтай холбохоор хоолой суурилуулахад бэлэн болсон бөгөөд ажлыг VI сард хийж, VII сард хэвийн горимд оруулах хуваарьтай байгаа аж.
Шинэ хэлцэл
“Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК өөрсдийн охин компани болох “Сэнтрал Коммерс ХХК”-ийг худалдахаар болсныг МХБ мэдээллээ. Импорт, экспортын үйл ажиллагааг ил тод, зөв менежменттэй зохион байгуулах зорилгоор үүсгэн байгуулж байсан тус компанийн 100 хувьтай тэнцэх хувьцааг “Премиум групп”-т худалдах шийдвэрийг ТУЗ нь гаргажээ.
Эргэлтийн цэг
Зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд ам.доллар дөхөөд буй “Nvidia” компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуанг хиймэл оюунд чиглэсэн хэд хэдэн бүтээгдэхүүнээ хоёр цаг гаруй үргэлжилсэн илтгэлээр танилцууллаа. Тодруулбал шинэ роботын дизайн, видео тоглоомыг бодит байдалд илүү ойртуулах технологи, сурталчилгааны үйлчилгээ зэрэг бүтээгдэхүүнээс гадна хамгийн их анхаарал татсан нь DGX GH200 нэртэй хиймэл оюунт супер компьютерын платформ байв. Энэ нь “ChatGPT”-тэй төстэй үйлчилгээ бүтээхэд компаниудад дэмжлэг үзүүлэх гол зориулалттай ажээ. “Бид одоо компьютер тооцооллын шинэ эрин үе эхлэх эргэлтийн цэг дээр ирээд байна” тэрбээр илтгэлийнхээ үеэр онцолж байв.
AI vs. эмэгтэйчүүд
Кино зохиолч, санхүүгийн зөвлөх гээд бүхий л мэргэжлийн ажиллах хүчний дунд хиймэл оюуны хөгжлөөс үүдэлтэй сандрал, болгоомжлол бүрэлдэж байгаа ч өргөн хүрээнд нь харвал хиймэл оюун ихэвчлэн эмэгтэйчүүд төвлөрдөг ажлын байрнуудыг орлох магадлал харьцангуй өндөр болохыг хүний нөөцийн судалгааны "Revelio Labs" фирм мэдээлж байна. Тодруулбал тус компани АНУ-ын Эдийн засгийн судалгааны үндэсний товчооны судалгаанд үндэслэн ирээдүйд хиймэл оюун орлох хамгийн өндөр магадлалтай мэргэжлүүдийг тодорхойлж, дараагаар нь тэдгээрийг жендерийн харьцаагаар эрэмбэлэхэд нягтлан бодогч, удирдлагын нарийн бичиг, аудитор зэрэг голчлон эмэгтэйчүүд хийдэг ажлууд тэргүүн эгнээнд бичигдсэн байна.
Хатуу арга хэмжээ
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида албаны орон сууцад үдэшлэг хийсэн нь илчлэгдэж, дуулиан тариад байгаа хүүгээ ажлаас нь чөлөөлжээ. Эцгийнхээ ажлын албанд нарийн бичиг хийдэг байсан Шотаро Кишида нь 2022 оны сүүлээр Ерөнхий сайдын албаны орон сууцад зохион байгуулсан үдэшлэгийнхээ үеэр авхуулсан зургуудыг нэгэн сэтгүүл нийтэлсэн аж. Уг үйл явдлын дараа “Nikkei” сонины явуулсан санал асуулгад Ерөнхий сайд Кишидагийн рейтинг 5 нэгж хувиар унаж, 47 хувь болсон нь харагджээ.
Өсөлтөөс илүү чанар
Энэ онд хувьцаа худалдан авахдаа өсөлтийн моментум, эрсдэлийн түвшин, хэлбэлзлийн тренд, үнэ цэнээс илүүтэй хувьцааны чанарыг харж авах нь хамгийн зөв стратеги болохыг “Bloomberg MLIV”-ийн судалгаанд оролцсон хөрөнгө оруулагчдын дийлэнх нь үзэж байна. Тодруулбал “Apple”, “Microsoft” зэрэг ашигт ажиллагаанд илүүтэй чиглэсэн компаниудын чанартай хувьцаа хамгийн өндөр өгөөж хүртээнэ гэж судалгаанд оролцсон 492 хөрөнгө оруулагчийн 41 хувь нь үзжээ.
Түүнчлэн ирэх 12 сард хувьцаануудад тулгарах хамгийн том эрсдэл нь эдийн засгийн уналт гэж оролцогчдын 42 хувь нь үзсэн бол 23 хувь нь бодлогын хүү гэж хариулжээ. Инфляцын эрч саарч байгаа ч өндөр түвшинд хадгалагдаж, зээлийн нөхцөл чанга хэвээр байна. Гэхдээ хөдөлмөрийн зах зээл идэвхтэй, хэрэглэгчийн зарцуулалт сайн байгаа нь зарим эерэг хүлээлтийг үүсгэж байгаа юм.
BloombergTV.mn танд санал болгож байна
Morgan Stanley: Лирагийн ханш 29 хувиар унах эрсдэлтэй байна
Засгийн газрын өрийн хэмжээг хуулийн хязгаарт тулгаж тусгасан 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэв
Онцлох чарт
БНХАУ-д аж үйлдвэрлэл сул, бүтээгдэхүүний үнэ хямд байгаа нь гангийн үйлдвэр, металл хайлуулах үйлдвэр, химийн үйлдвэрүүд, нүүрс олборлогчдод хамгийн алдагдалтай тусаж байгаа аж. Тухайлбал Чиньхуандао боомтод нүүрсний жишиг үнэ энэ онд 18 хувиар унаж, 2022 оны эхээс хойших доод түвшиндээ хүрсэн байна. "Нүүрсний үнэ өндөр байх сайхан өдрүүд үндсэндээ дуусгавар болж байна” гэж “Fengkuang Coal Logistics” судалгааны фирм онцолжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.