Боловсролын Зээлийн Сан (БЗС)-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т өгч байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Доктор О.Сийлэгмаа:
-Энэ зөвхөн миний ажил байгаагүй. Надтай хамт маш олон мэргэжилтэн ажлын бус цагаар өдөр шөнөгүй сууж ажилласан байдаг. Ил гарч, илэрхийлж байгаа нь би болохоос биш хоёр жил гаруй хугацаанд миний ард том баг ажилласан.
Дэлхийн шилдэг топ сургуульд 2010-2020 онд нийт 421 суралцагч зээлээр суралцах шийдвэр гарсан. Ажиллах хугацаанд шалгаруулалтыг хянаж байхад 93 хувь нь ямар нэгэн зөрчилтэй байсан. Тухайн үед журамд заагдаагүй тэргүүлэх бус мэргэжлээр суралцах, топ 100-д багтаагүй сургуульд элссэн, өмнө нь олгогдсон зээлийг эргэн төлүүлэх зэрэг зөрчил байсан. Журмаа бариад ажиллахад маш хэцүү байсан.
Харьяа дээд байгууллага болох БШУЯ болон бусад субьектүүдээс харилцааны дарамт их ирдэг юм билээ. "Наад зээл чинь чиний халааснаас гарах гэж байгаа юм уу", "Битгий энэ асуудлыг хөндөөч ээ" гэх зэргээр над руу хандсан.
Ажлаас халагдсаны дараа 2022 оны есдүгээр сараас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ талаарх мэдээллийг ил болгосон. Эхнээсээ шүгэл үлээсэн асуудал маань ил гарсанд таатай байна. Хууль бусаар их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй энэ асуудлыг хянан, шалгах хүсэлтийг АТГ-т гаргаж байна.
БЗС-ийн зээлээр гадаадад суралцуулах шийдвэрийг тухай бүрд нь Боловсрол, шинжлэх ухааны сайд гаргадаг. Зээлийг тэглэх буюу 2011 оны хуулиас давсан шийдвэр гаргаж байгаа сайдын тушаал хүчин төгөлдөр бус байна.
Ийм шийдвэр гаргасан үе үеийн Боловсрол, шинжлэх ухааны сайд нар, одоо Боловсролын зээлийн сангийн удирдлагаар ажиллаж буй Д.Гарди, БШУЯ-нд 20 гаруй жил ажилласан төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нарыг АТГ-т шалгуулах хүсэлтээ өгч байна.
Эдгээр нэр бүхий хүмүүс албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй. Үүнийг тодруулж хариуцлага тооцох хүсэлтийг АТГ-т гаргаж байгаа.
БЗС-гийн асуудлыг дэлгэн тавьснаас хойш зарим улс төрийн хүрээллийнхээс дарамт шахалт ирэх хандлагатай байгаа учраас АТГ-аас хамгаалалт хүсч байгаагаа илэрхийлж байна.
БШУ-ны сайд намайг дуудаж уулзаад албаны хүмүүсийнхээ дэргэд уучлалт гуйсан. Гэхдээ сайд Засгийн газрын хуралдааны хэвлэлийн хурлын үеэр буюу Төрийн ордонд иргэнээ гүтгэсэн. Тэгэхээр тэр байрандаа албан ёсоор уучлалт гуйх хэрэгтэй гэж бодож байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.