УБТЗ ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлд холбогдох хэргийг “Нүүрсний хэрэг №1” гэцгээх болсон. Учир нь нүүрсний хулгайтай холбоотойгоор шүүхийн босго давсан анхны хэрэг нь энэ болж буй аж. Уг хэргийг өнгөрсөн пүрэв гарагт шүүхэд шилжүүлсэн байна. Харьяаллын дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хүлээж авчээ.
Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, АТГ-аас мөрдөн шалгаад С.Батдөлд Эрүүгийн хуулийн 18.6 /Мөнгө угаах/, 22.4 /Хахууль авах/, 22.5 /Хахууль өгөх/, 22.10 /Үндэслэлгүй хөрөнгөжих/-т заасан гэмт хэргүүдэд яллагдагчаар татжээ. Түүнтэй хамт нэр бүхий найман хүнийг яллагдагчаар татаж шалгажээ.
С.Батдөлийг баривчлах үед гэрээс нь 7.3 тэрбум төгрөг хураасан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл үүний 5.0 тэрбум төгрөгийг хахуульд авсан болж таараад байгаа юм байна. Харин 2.3 тэрбум төгрөгийг тайлбарлаж чадаагүй бололтой. Мөн мөрдөн шалгах явцад илэрсэн 3.0 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгийг хураахаар болсон байна.
С.Батдөлийн тухайд Дархан-Уул аймагт төрсөн. Тэрбээр 2010-2012 онд “Дархан” өртөө, 2012-2014 онд “Сүхбаатар” өртөө, 2014-2015 онд “Толгойт” өртөө, 2015-2018 онд УБТЗ-ын даргын Ажлын алба, 2019-2021 онд “Улаанбаатар” өртөөнд ажиллаж байгаа 2022 оны нэгдүгээр сард УБТЗ ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч даргаар томилогджээ.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 106 (7091)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Уг нь яг ийм авилага авсан хэрэг нь тодорхой улсуудыг 461 т нь хорьж байгаад шүүхээр оруулаад ялыг нь өгөөд явуулах хэрэгтэй .Тэрнээс даалтанд гаргаад л дахин гэмт хэрэг баахан үйлдүүлээд хагас дутуу ял ч гэхэд хайшаа юм өгүүлээд гаргаад явуулах юм аа олон жишээ байна шүү
Хулгайч бсан хүн ямарч албан тушаалд очсон хулгайгаа л хийнэ энэ хүнийг томилон ажиллуулж бсан дарга бас хамааралтай шүү УБТЗын удирдлагууд бүгд авилгачид бсан
Энэ нэг сүртэй юм биш жаахаг л мөнгө гээд байман нөхөр мөн үү?