СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-26

Таван тусгай сангийн мэдээллийг ил болголоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 25 тусгай сан байдгаас 9 тусгай сангийн мэдээлэл ил болоод байсан бол өнөөдөр нэмж 5 тусгай сангийн мэдээллийг shilen.gov.mn сайтад ил тод байршууллаа.

КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САН: ТӨРӨӨС КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИЖ 11 ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД 1 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОЖЭЭ.

Кино бүтээх үйл ажиллагааг төрөөс дэмжих зориулалт бүхий энэхүү сан нь 2022 онд байгуулагдсан. 2023 онд уран сайхны болон баримтат киноны төслийг дэмжих чиглэлээр эргэн төлөгдөх нөхцөлгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олгосон 1,071,200,000 төгрөгийн санхүүжилтийн гэрээ байгуулсан 11 хуулийн этгээдийн мэдээллийг ил болгов. Энэхүү 11 хуулийн этгээдийн гэрээ одоо хэрэгжиж байгаа бөгөөд гүйлгээ бүрэн хийгдээгүй байгааг онцлох нь зүйтэй. Тус гэрээнүүд нь 24 -240 сая төгрөгийн хооронд байна.

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН: ТӨСӨЛ, СУДАЛГААНД 151.9 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ.

Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн онолын суурь судалгаа хийх, Засгийн газрын /улсын/ захиалгатай шинжлэх ухаан, технологийн төсөл, болон инновацын төсөл хэрэгжүүлэх, гарааны санхүүгийн дэмжлэг олгох, технологи, үйлдвэрлэлийн туршилт, зүгшрүүлэлтэд 381 иргэн, хуулийн этгээдийн 2780 төсөл арга хэмжээнд 2007-2023 онд 151.9 тэрбум төгрөгийг зарцуулсан талаарх мэдээллийг ил тод болгов. Үүнээс 322 хуулийн этгээдэд 151.2 тэрбум төгрөг, 59 иргэнд 710 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, тэтгэлэг үзүүлсэн байна. Санхүүжилт авсан төслийн төрөл болон салбараар харах боломжтой хэлбэрээр байршууллаа.

ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ТУСЛАХ САН: ЦАР ТАХЛЫН ҮЕЭР 408 ИРГЭНД ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЖЭЭ.

Тус сан 2009-2023 онд 2000 гаруй иргэнд 3.1 тэрбум төгрөгийн тусламж олгосон талаарх мэдээллийг ил тод байршууллаа. Тус сан нь Коронавируст халдвар (КОВИД-19)-т цар тахлын үед хилийн чанад дахь Монгол Улсын 408 иргэнд эмчилгээ, үйлчилгээ болон тусгаарлах байр, хүнсний багц, замын зардлын 262 сая төгрөгний туслалцаа үзүүлсэн байна.

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН САН: 17 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ

2013-2022 онд 724 иргэн, хуулийн этгээдийн 1091 төсөл арга хэмжээнд 17,714.000.000 төгрөгийн санхүүжилт олгосон талаарх мэдээллийг ил тод болгов.

ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ САН: 2.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОСОН

2012 оноос хойш 2.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна. Энэхүү нөхөн төлбөрийн 975 сая буюу 36.8%-ийг холбогдох журмын дагуу тус санд буцаан төвлөрүүлсэн бөгөөд 63.2% буюу 1,673,836,534 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

УУЛ УУРХАЙН БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН ТУХАЙ ИРГЭД МЭДЭХ ЭРХТЭЙ ТУЛ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД БАЙРШУУЛЛАА.

Монгол Улсын иргэн нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан. Байгууллагын нууцын тухай хуулийн 6 дугаар зүйлд байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж буй техник, технологийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээллийг нууцлахыг хориглосон байдаг. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт тус мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгахаар заасан.

Иймд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний 10533, нарийвчилсан үнэлгээний 4696 нийт 15229 мэдээллийг ил тод байршууллаа.

SHILEN.GOV.MN: НИЙСЛЭЛ ДЭХ СҮҮЛИЙН 3 ЖИЛИЙН ГАЗАР ОЛГОЛТЫН МЭДЭЭЛЭЛ НЭМЭГДЛЭЭ.

Өнгөрсөн Даваа гарагийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой төлөөлөн удирдах зөвлөл бүхий 120 хуулийн этгээдийн 1,059 төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэрс, цалингийн мэдээллийг нээлттэй байршуулсан байсан болон өнөөдрийн байдлаар Нийслэлийн өмчит, нийсллэийн өмчийн оролцоотой 18 хуулийн этгээдийн 119 төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүүдийн нэрс, цалингийн мэдээллийг нэмж орууллаа. Нийт 138 хуулийн этгээдийн 1178 төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэрс, цалингийн мэдээлэл ил боллоо.

Мөн нийслэл Улаанбаатар хотын 2000-2020 онд 20 жилийн газрын олголтын мэдээллийг ил болгоод байгаа бол нэмж сүүлийн 3 жил буюу 2021-2023 онд нийслэл Улаанбаатар хотын захирагчийн газар ашиглах, эзэмших зориулалтаар олгосон тухай мэдээллийг байршууллаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа 8 байгууллагын нээлттэй мэдээллийн ил тод байдалд “Шилэн индекс” үнэлгээг хийж, shilen.gov.mn системд байршууллаа.
“Shilen.gov.mn” системийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр та бүхэнд танилцуулснаас хойш нийт 1,972.366 удаагийн хандалт, 374.529 мөр өгөгдлийг мэдээллийн санд оруулаад байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.