Олон улсын палеохимичдийн баг Төвөдийн өндөрлөг газрын оршин суугчид хэрхэн өндөрт дасан зохицсоныг бодит нотолгоогоор баталжээ. Энэ талаар Германы Макс Планкийн Геоантропологийн хүрээлэн (“SHH MPG”)-гийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Тодруулбал, өндөрлөг газар мал аж ахуй эрхлэн амьдардаг оршин суугчид сүүн бүтээгдэхүүн шингээх чадвартай генийнхээ ачаар дасан зохицож чадсаныг нотолсон байна.
"Бидний судалгаа маш тодорхой зүйл рүү хөтөлсөн. Газар тариалан эрхлэх боломжгүй Төвөдийн баруун болон хойд хэсгийн өндөр газарт амьдарч байсан эртний хүмүүсийн шүдэнд л сүүний уураг байсан" гэж тус хүрээлэнгийн судлаач Тан Ли хэлээд харин газар тариалан эрхлэхэд илүү тохиромжтой төв болон зүүн өмнөд хэсгийн хөндийн оршин суугчдаас ийм ул мөр илрээгүй гэж нэмж хэлжээ.
3 500 орчим жилийн тэртээ далайн түвшнээс дээш 3.7-4.65 мянган метрийн өндөр, хүрч очиход бэрх уулархаг бүс нутагт амьдарч байсан хүмүүсийн шүдний химийн найрлага нь энэ бүс нутагт сүүний чиглэлийн мал аж ахуй өргөн тархсан байсныг харуулжээ. Энэ бүс нутгийн үндсэндээ бүх оршин суугчийн шүдэнд хонь, ямааны сүүний үндсэн найрлага болох уураг байдаг нь ургамлын гаралтай хүнс хэрэглэдэг нам дор газар, хөндийн оршин суугчдаас ялгарах гол онцлог шинж нь аж.
Судлаачдын үзэж байгаагаар, газар тариаланд тохиромжгүй Төвөдийн өндөрлөг газрын оршин суугчид сүүг өргөнөөр хэрэглэдэг байсан нь тэдний дасан зохицох чадварт мал аж ахуй хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг харуулж байгаа аж. Үүнийг мөн Төвөдийн эртний оршин суугчдын чулуужсан ДНХ-д байнга илэрдэг сүүн бүтээгдэхүүнийг шингээхэд шаардагддаг генийн хувилбарууд нотолж байгаа юм.
Төвөдийн тэгш өндөрлөг бол дэлхий дээрх хүн амьдрахад хамгийн таагүй газруудын нэг юм. Далайн түвшнээс дээш 4.3 мянган км-ийн өндөрт орших энэ нутаг, ялангуяа Хималайн нурууны ноён оргилуудын ойролцоох төв ба өмнөд бүс нь маш хатуу ширүүн уур амьсгалтай.
Ген судлаачид Төвөдийн амьдралын өвөрмөц нөхцөл нь оршин суугчдынх нь хувьслын явцыг түргэсгэж, хүйтэнд тэсвэртэй, бага хүчилтөрөгчтэй нөхцөлд дасахад нь тусалдаг өвөрмөц генүүдтэй болгосныг саяхан тогтоожээ. Энэ нь өндөрлөг газарт хүмүүс хэзээнээс суурьшиж эхэлсэн, суурьшлын үйл явц нь яг хэрхэн явагдсан талаар хүн судлаачдын сонирхлыг ихэд татахад хүргэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.