Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн турш хэрэгжиж буй Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр өнгөрсөн жилийн үр дүнгээ хэлэлцэж, цаашдын зорилт, зорилгоо тодорхойллоо.
Үйлдвэрийн хүний нөөцийн бодлого, олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц стандартын хүрээнд удирдах болон залуу ажилтнуудын бүтээмж, манлайллыг дээшлүүлэх замаар байгууллагын соёлыг бэхжүүлж, авьяас, ур чадварыг нээн илрүүлснээр нөөц болон түлхүүр ажилтныг бэлтгэх, ажилтны тогтвор суурьшилтай ажиллах боломжийг хангах зорилготой “Залуу ажилтныг дэмжих”, Шинэ ажилтны дасан зохицох”, “Манлайлал, авьяас чадвар”, “Залгамж” хөтөлбөрүүд нь цаашид ч үргэлжлэн хэрэгжих юм.
Залуу ажилтныг дэмжих хөтөлбөрийн оролцогч, Засвар механикийн заводын Гар хэвчин Д.БИЛГҮҮНБЯМБА:
-Миний аав Засвар механикийн заводод гар хэвчнээр 28 жил ажиллаад гавьяаны амралтдаа гарсан Ц.Дэмбэрэл гэж хүн бий. Хамт олон дундаа их нэр хүндтэй. Би 20 настайдаа цахилгааны инженер мэргэжлээр их сургуулиа төгссөн хэдий ч “Хамтын гэрээ”-ний заалтаар аавынхаа ажил мэргэжлийг өвлөн, гар хэвчин болж, 3 дахь жилдээ ажиллаж байна. Манай цехийнхэн намайг “Дэмбэрэлийн хүүхэд” гэж дууддаг. Аавынхаа мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олон дунд ажиллахдаа ажил мэргэжлийг нь нэр төртэй хийхийг хичээж яваа.
Намайг гурван жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрт ажилд ороход “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр” хэрэгжиж байсан. Тухайн үед шинэ ажилтан байсан тул хөтөлбөрийн оролцогчоор сонгогдсон юм. Тус хөтөлбөр нь үйлдвэрт хэрхэн дасан зохицох талаар зөвлөгөө зөвлөмж өгч байсан бол энэ удаагийн хамрагдсан “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр” нь хэрхэн зөв ажилтан байх вэ, карьерын хувьд яаж өсөж дэвжих вэ, амьдралд юу хэрэгтэй вэ зэрэг олон талын сургалтаар бидний мэдлэгийг тэлж байна. Энэ бүхнээс ирээдүйгээ гэрэлтэйгээр харж, хөгжих мотивац авсан.
Эзэмшсэн мэргэжил маань ажлын талбарт хэрэг болдог ч гар хэвчний ажилдаа илүү дуртай болсон. Улмаар ОХУ-ын их, дээд сургуульд металлургийн мэргэжлээр суралцахаар төлөвлөж байна.
Аавынхаа туулсан амьдралыг өөрийн биеэр үзэж харж яваа болохоор бахархаж, хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Энэ дашрамд аавдаа маш их хайртайгаа илэрхийлье хэмээн ярив.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.