УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг Халдашгүй байдлын дэд хорооноос гаргажээ.
Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил:
-Ерөнхий прокурорын оруулж ирсэн саналыг хэлэлцлээ. Гурван гишүүн, ерөнхий прокуророос асуулт асууж, хариулт авлаа. Ингээд гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокурорын саналыг хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Халдашгүй байдлын дэд хорооноос гаргалаа. Энэ бол гурван гишүүнийг буруутай эсэхийг тогтоож байгаа асуудал биш. Хууль хяналтын байгууллага ажлаа түргэн шуурхай хийх боломжийг хангаж байгаа юм. Дэд хорооны гишүүд 100 хувийн саналаар энэ шийдвэрийг гаргасан.
Мөрдөн шалгах ажлыг түргэн шуурхай явуулаад гэм буруутай бүрэн тогтоолоо гэж үзвэл шүүхэд шилжүүлнэ. Харин гэм буруутай нь үл тогтоогдсон бол УИХ-ын бүрэн эрхийг сэргээх саналыг түргэн хугацаанд УИХ-д оруулж ирээч ээ гэдэг зөвлөмж, саналыг ерөнхий прокурор болон хууль хяналтын байгууллагад өглөө. Манай дэд хорооны ганцхан үүрэг мөрдөн байцаах ажиллагааг түргэн шуурхай цаашаа явуулахад гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлага байна уу үгүй юу гэдэг дүгнэлтийг хэлэлцсэн. Найман цаг хэлэлцсэний үндсэн дээр түдгэлзүүлж шалгах шаардлагатай юм байна гэж үзсэн. Дэд хорооны саналыг ХБЗХ, дараа нь ТББХ-ы хуралдаанаар хэлэлцэх юм. ТББХ дэмжиж шийдвэрлэвэл эл асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэнэ гэв.
Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар МАН-ын бүлэг яг одоо ээлжит бусаар хуралдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тогтоол батлагдмагц тэднийг баривчлах хэрэгтэй.