Өмнөговь аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Г.Цог-Өрнөхтэй ярилцлаа.
Тэрбээр, Орон нутгийн Тавантолгой ХК-ийн үр өгөөжийг Өмнөговь аймгийн ард иргэд бүгд мэднэ. Өмчийн хувьд орон нутгийн өмчит. 51 хувь нь аймгийн нийт ард иргэдийн өмч юм. Тэр ч утгаараа аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд ч их хамааралтай байдаг. Өмнөговь аймгийн хэмжээнд болон Цогтцэций суманд хийгдэж байгаа эмнэлэг, сургууль, цэцэрлэг, зам харилцаа, дэд бүтэц гээд бүх бүтээн байгуулалт орон нутгийн Тавантолгой ХК-тай салшгүй холбоотой.
Яагаад гэвэл орон нутгийн өмчит, ард иргэдийн мэдлийн уурхайтай цорын ганц аймаг нь Өмнөговь. Өөрийнхөө 70 гаруй мянган хүн амын өмчийн уурхайтай ганц аймаг гэсэн үг. Дээрээс нь Өмнөговь аймаг бол Монгол улсын хэмжээнд төсвийн орлогоо өөрөө бүрдүүлдэг зургаан аймгийн нэг. Орон нутгийн өмчит энэ уурхай үйл ажиллагаа явуулж байгаа Цогтцэций сумынхаа төсвийн орлогын 60-90 хувийг дангаараа бүрдүүлж өгдөг. Цогтцэций сум аймгийн хэмжээнд өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг дөрвөн сумын нэг нь. Төсвөө бүрдүүлж, иргэдийн төлөөлөгчдийн хурал нь уг төсвийг батлаад, эргээд хөрөнгө оруулалт хийдэг, зам харилцаа тавьдаг, дэд бүтцээ хийдэг гэж үзвэл бүх хөрөнгөө орон нутгийн өмчит Тавантолгойн уурхайгаас авч байна гэж үзэж болно.
Өмнөговь аймаг сая 648 тэрбум төгрөгийн түүхэнд байгаагүй төсөв баталлаа. Үүнийх нь 278 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлж байна. Энэ дүн дотор нөгөө орон нутгийн өмчит Тавантолгойн уурхайн ногдол ашиг хэлбэрээр олгогдож байгаа төсөв хүртэл бүрдэл хэсэг болж орж байна. Энэ утгаараа Монгол улсад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, цалин пүнлүүнд дусал ч гэсэн байдлаар орон нутгийн уурхай хувь нэмрээ оруулж байна. Орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн хувь нэмэр зөвхөн Өмнөговь аймгийн ард иргэд төдийгүй Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг та бүхэн бодож үзээрэй.
Тус уурхайн ТУЗ-д аймгийн 70 гаруй мянган ард иргэдийг төлөөлж аймгийн ИТХ-аас төлөөлөл ордог. Уурхайг Ардчилсан намын юм уу МАН-ын уурхай гэж ойлгож болохгүй. Өмнөговь аймагт сонгуулиар хэн ялна, тэр намын төлөөлөл ТУЗ-д нь орж удирддаг гэсэн үг. 2000 оноос өмнө Ардын намын ТУЗ байсан. 2000 оноос хойш АН-ын ТУЗ ажиллаж байна. Уурхайн үйл ажиллагааг хувьцаа эзэмшигчдийн хурал буюу түүнээс сонгогдсон ТУЗ удирддаг хэмээн ярив.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.