Bloomberg TV-ээс бэлтгэн хүргэдэг нийгэм, эдийн засгийн хамгийн сүүлийн үеийн онцлох үйл явдал, тоон мэдээллийг та бүхэнд хүргэе.
Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид 2022 оны санхүүгийн байдлын тайлангаа танилцуулсаар байна.
-"Дархан нэхий" ХК 2022 онд 3.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх онтой харьцуулбал 1.6 хувиар өссөн дүн болов.
-"АПУ" ХК-ийн цэвэр ашиг 2022 онд өмнөх оноос 18.7 хувиар буурсан бол борлуулалтын орлого 838.8 тэрбум төгрөг болсон нь өмнөх оноос 23.7 хувиар өссөн үзүүлэлт.
-Дотоодын өндөгний зах зээлийн 30 гаруй хувийг бүрдүүлдэг "Түмэн шувуут" ХК-ийн орлого 2022 онд 28 хувиар өсөж, 46 тэрбум орчим төгрөгт хүрсэн бол цэвэр ашиг нь 4 хувиар өсөж 7.1 тэрбум болсон.
"Оюутолгойн олборлолт экспортыг нэмэгдүүлэх ч нөгөө талдаа 2023, 2024 оноос эхлэн гадаадын хөрөнгө оруулалт багагүй хэмжээгээр буурах дүр зураг харагдаж байна. Тиймээс хувийн хэвшлээр дамжуулан жилдээ дунджаар гурван тэрбум ам.доллар найдвартай орж ирдэг орчин бүрдүүлж чадвал санхүүгийн хувьд маш чухал реформ болно хэмээн АХБ-ны Ерөнхий эдийн засагч С.Болд байр сууриа илэрхийлэв.
Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар тусгасныг УИХ дахь МАН-ын бүлэг мэдээллээ.
Монгол Улсын хувьд 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулж байсан бол 2022 оны байдлаар холимог тогтолцоог дэлхийн 32 улсад хэрэглэж байна. Олон улсын туршлагаас үзэхэд, холимог тогтолцоогоор улс төрийн гол хүчнүүдийн оролцоог хангахад чиглэж байвал хуваарилах суудлын тооны харьцаа 2:1-ээс хэтэрдэггүйг "IDEA" олон улсын байгууллагаас гаргасан тайлангаас харж болох юм. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд лхагва гарагт Засгийн газрын саналыг авч ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхээр байна. Сонгуулийн тогтолцоо бүр сул болон давуу талтай ч улс төрийн намын төлөвшил илүү чухал гэдгийг судлаачид хэлж байгаа юм.
"Mongolian Energy Corporation"-ийн гол хөрөнгө оруулагч болох "Vision Values Holdings" компани 2022 оны сүүлийн хагас жилийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд компанийн орлого 164.9 сая хонгконг доллар болж өссөн бөгөөд орлогын 87.5 хувийг логистикийн бизнес нь бүрдүүлсэн байна. Харьцуулбал 2021 онд компани 19.1 сая хонгконг долларын орлоготой ажиллаж байжээ. Түүнчлэн компанийн зардал 2.8 сая хонгконг доллар болж нэмэгдэхэд зээлийн хэмжээ өссөн нь голлон нөлөөлсөн аж. "MEC" компанийн хувьд БНХАУ-ын Шинжаан дахь нүүрс болон холбогдох бүтээгдэхүүний тээвэрлэлттэй холбоотойгоор "JV" компаниас логистикийн үйлчилгээ авах чиглэлд хамтран ажиллахаар болсон юм.
БНХАУ нүүрсний нийлүүлэлтийн тогтвортой байдлаа хадгалахаар импортын тарифыг нь 2023 он дуустал "тэглэх"-ээр боллоо. Тус улсын Төрийн зөвлөлийн тарифын комисс хоёрдугаар сарын 25-нд нүүрсний импортын тарифаа дөрөвдүгээр сарын нэгнээс цааш сунгана гэдгээ мэдэгджээ. Ингэснээр 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэхээр болж байна. Тарифыг тэглэснээр Монголоос гадна ОХУ, АНУ, Канад зэрэг улсын нийлүүлэгчдэд давуу тал болох юм. БНХАУ анх 2022 оны тавдугаар сарын нэгнээс эхлэн тарифыг тэглэсэн юм.
АНУ-ын фьючерсийн зохицуулах байгууллагаас криптовалютын дэлхийн хамгийн том бирж "Binance", мөн Гүйцэтгэх захирал Жао Чанпенийг арилжааны болон деривативийн талаарх дүрэм журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхэд өгсөн байна. Тодруулбал тус бирж АНУ-ын иргэдийн оролцсон дериватив арилжааг явуулахдаа холбогдох зөвшөөрлийг зохих ёсоор аваагүй, мөн комплаенсийн чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж АНУ-ын Таваарын фьючерс арилжааны хорооноос үзжээ. Харин "Binance"-ийн зүгээс энэхүү асуудал нь АНУ-ын хэрэгжүүлэх эрх мэдлийн хүрээнд хамаарахгүй гэсэн байна.
Хятад улс "олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтөөс үл хамааран" гадаад компаниудад үүд хаалгаа улам нээх болохыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян "China Development Forum"-ийн үеэр амлажээ.
Гурван өдрийн турш үргэлжлэх уг чуулга уулзалтад "Apple"-ийн Тим Кук, "Bridgewater"-ийн Рэй Далио, "Deloitte"-ийн Шэрон Торн тэргүүтэй гадаадын 70 гаруй компанийн захирлууд оролцож байгаа юм. Үүний зэрэгцээ "Alibaba"-ийн Үүсгэн байгуулагч Жак Ма удаан хугацааг хилийн чанадад өнгөрүүлснийхээ дараа даваа гарагт Хятадад олны өмнө дахин харагдсан байна.
Европын Холбооны хоригоос үл хамааран ОХУ-ын дизелийн экспорт энэ сард дээд түвшинд хүрэх төлөвтэй байна. Энэ нь Турк, Марокко зэрэг улсууд Оросын дизель түлшийг худалдан авах нь нэмэгдсэнтэй холбоотой юм. Гуравдугаар сарын эхний 19 хоногт ОХУ-ын дизелийн нийлүүлэлт өдөрт 1.5 сая баррель орчим байсныг "Bloomberg"-ийн шинжээчид тооцоолсон. Нийлүүлэлт энэ хурдаараа үргэлжилбэл энэ сард экспорт 2016 оноос хойших дээд түвшинд хүрэхээр байгаа юм. Хямдралтай үнээр санал болгож байгаа учир тус түлшийг нийлүүлэх шинэ зах зээл олдоно гэдэгт ОХУ-ын үйлдвэрлэгчид итгэлтэй байгааг мөн шинжээч онцолжээ.
Женевт болсон "Watches and Wonders" үзэсгэлэн худалдааны үеэр "Rolex" хэд хэдэн шинэ загвараа танилцуулсан нь олны анхаарлыг татлаа. Гэхдээ "Rolex"-ийн хувьд "шинэ" гэдэг нь ихэвчлэн өмнө нь байсан загвартаа шинэчлэлт хийхийг илэрхийлдэг.
Тэгвэл энэ удаа танилцуулсан цоо шинэ "Perpetual 1908" хэмээх загвар нь компанийн одоогийн мөрдөж буй дизайны дүрмээс зөрснөөрөө онцлог бөгөөд Ханс Вилсдорф анх брэндээ бүртгүүлж байсан оны нэрээр нэрлэгджээ. Мөн цуглуулагчдын дунд хамгийн алдартай цагнуудын нэг болох "Daytona" 60 жилийнхээ ой дээр дахин шинэчлэгдсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.