Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд “Буян” ХХК-ийн захирал асан Б.Жаргалсайхан нарын хүмүүс гэрчээр иржээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-“Буян” ХХК-ийн захирал асан Б.Жаргалсайхан хүү нэмэгдүүлсэн хүүтэйгээ нийлээд 17,8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. 2014-2023 оны хугацаанд зээлийн төлөлт огт төлөлт хийгдээгүй. Хөгжлийн банк болон Голомт банктай байгуулсан төсөл санхүүжүүлэх гэрээний 5.2.3.6-д заасан шаардлагыг хангаагүй байхад санхүүжилт олгосон.
Төрийн хайрыг их л хүртсэн юм байна даа, Жаргалсайхан гуай! УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа авсан зээлүүд байна. Муу зээлийн ангилалд шилжсэн байх үед буюу 2014 онд Голомт банкаар дамжуулан 14 тэрбум төгрөг авчээ. Та зээлээ төлөхгүй юм уу?
Энэ үед “Буян” ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Б.Энхбаярын асуултад хариулахаас татгалзав.
“Буян” ХХК-ийн захирал асан Б.Жаргалсайхан:
-Би энэ сонсголд өвчтэй, үхчихсэн гэж хэлэлгүй зориуд ирсэн юм. Та аж ахуйн ажил хийж үзээгүй, арван хүнд цалин тавьж үзээгүй бол та нийгэмд болж байгаа асуудлыг хэзээ ч шийдэж чадахгүй гэв.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Татвар төлөгчдийн мөнгийг авч та бизнес хийнэ гэж ямар юм байдаг юм бэ, битгий томроод бай, Жаргалсайхан гуай! Энэ хүнийг хөөж гарга гэв.
“Буян” ХХК-ийн захирал асан Б.Жаргалсайхан:
-Би энэ зээлийг төлмөөргүй байна. Та нар намайг ажил хийх боломжийг олгоогүй шүү дээ. Банкны зээлийн хүү, татварын өр зээл гээд бараг 100 хувь алдагдалтай бизнес хийж байна. Өнөөдөр Монгол Улсад ямар ч бизнес хийгээд ашиг олох боломжгүй.
“Буян ХХК” ноолуурын үйлдвэр барьж байхдаа Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулах ёстой байсан байна юм билээ. Тогтвортой байлгаж чадахгүй бол Засгийн газар өрийг нь төлөх ёстой. Ижил тэнцүү татвар төлдөг орчинд амьдаръя. "Говь" компани 200 тэрбумын зээл авсан байгаа нь ижил тэнцүү орчин мөн үү хэмээв.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул
-Тухайн үед арилжааны банкууд 18-19 хувийн зээл өгдөг байхад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 8 хувийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгосон хэмээв.
Гурав дахь шатны сонсголыг "Хөгжлийн Банкны эх үүсвэрээс арилжааны банкнуудаар дамжуулан олгосон 2,542 төсөл, хөтөлбөрийн 1.6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, тус банк бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд нийт 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дууджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.