СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-03-17

ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурал 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг эцэслэн баталсныг Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч танилцжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн дээрх хуулиудад бүхэлд нь хориг тавьсан байна. Улсын Их Хурал уг хуулийн төслийг хоёр өдөрт хэлэлцэн, эцэслэн баталсан, төслүүдийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, нэр бүхий хуулиудын дагаж мөрдөх хугацаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарласан хэмээн танилцуулгадаа дурдав.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хуулийн төслийг анх УИХ-д оруулж ирэхэд хууль боловсруулах шаардлага, судалгаа, шинжилгээг хийсэн үү, олон нийтийн санал бодлыг хэрхэн тусгасан бэ гэдгийг анхаарах ёстой гэдгийг энэ хуулийн төсөл харууллаа. "Сошиалын хууль" энэ удаагийн парламентын хууль батлах процесст том сургамж боллоо. Ерөнхийлөгчийн хориг цагаа олсон, зөв хориг болсон. Хүлээж авахыг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

-Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Хүлээж авах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ тус хуулийн төслийг дэмжсэн МАН-ын гишүүд хоёр нүүртэй байна. Тухайн үед хууль хэлэлцэж байхад сөрөг хүчнийхэн эсэргүүцлээ илэрхийлж байхад, 62-уулаа зөрсөөр байгаад баталсан. Одоо Ерөнхийлөгч хориг тавихаар зөв гэдэг хоёр нүүртэй баймааргүй байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гэсэн нэртэй боловч олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хязгаарлах, боомилох агуулгатай хуулийг намрын чуулганы сүүлийн өдөр баталсан. УИХ дахь АН-ын бүлгээс гурван ч удаа завсарлага авсан. Бүхий л чадлаараа эсэргүүцсэн. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зөв. Харин дараа нь Засгийн газар болон холбогдох албан тушаалтнууд ийм агуулга бүхий хуулийн төслийг өргөн барихгүй байх гэдэгт найдаж байна. 

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар:

-Монгол Улсад цахим орчинд эрх зүйн зохицуулалт хийх шаардлага байгаа. Үүнийг ямар хуулиар хэрхэн хийх вэ гэдэг нь парламентын бүрэн эрхийн асуудал. Цахим орчинд гарч буй гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлж, олон талаас нь санал сонсож байж асуудалд хандаач гэдэг зүйлийг ярьж байгаа юм гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.