Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол энэ сарын 13-17-ны өдрүүдэд болно. Гурав дахь удаагийн нээлттэй сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэх юм. Сонсгол үндсэн хоёр асуудлын хүрээнд болох юм байна.
Нэгдүгээрт, арилжааны банкаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Хоёрдугаарт, 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банканд Хөгжлийн банкны эх үүсвэрээс байршуулсан 3280 ширхэг мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шинжилгээ хийсэн талаар хэлэлцэх юм байна.
Өнөөдрийн сонсголоор "АСЕМ вилла" төсөл, "АСЕМ зочид буудал", Мах хөтөлбөр-2016, "Тайж" группын зээлтэй холбоотой багц асуудлуудаар дуудагдсан 68 гэрчээс асуулт асууж, холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлах ба Хянан шалгах түр хорооноос томилогдсон хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлтийг сонсоно.
Эхний асуудал нь “Асем вилла” төслийг хэлэлцэж байна. Тус төсөлтэй холбогдуулан нийт 12 хүнийг гэрчээр дууджээ.
Тус төслийн шийдвэр гаргалттай холбоотойгоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудсан ч очих боломжгүй гэдгээ бичгээр илэрхийлжээ. Тэрбээр албан бичигтээ “Миний бие Стэнфордын их сургуульд зочноор уригдан ажиллаж байгаа бөгөөд гуравдугаар сарын 13-нд болох нийтийн сонсголд цахимаар оролцох боломжтой” гэдгээ илэрхийлжээ.
“Асем вилла” цогцолбор хотхоны санхүүжилтттэй холбогдуулан тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтыг гэрчээр дуудаж, асуулт асууж, хариулт авч байна.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт:
-АСЕМ бол Ази Европын дээд хэмжээний уулзалт бөгөөд Европын 30, Азийн 21, Олон улсын хоёр байгууллага оролцсон маш том нээлттэй платформ. Энэ байгууллагад Монгол Улс 2008 онд элсэн орж, 12 жилийн дараа Монголд зохион байгуулах боломж бүрдсэн. Үүнийг Улс төрийн олимп ч гэж нэрлэдэг. Энэ том үйл ажиллагааг зохион байгуулахад тооцоо судалгаатай санхүүжүүлэхгүй бол зохион байгуулагч улсад ашиг гарахгүй тохиолдол гардаг. 2014 оны 12-р сарын 30-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиагаар АСЕМ-ийн 11-р дээд хэмжээний уулзалт, 20 жилийн ойг 2016 онд Монголд хийх шийдвэрийг гаргасан. Зохион байгуулах ажлын хэсгийг Ерөнхий сайд ахалж ажилласан. Үндэсний зөвлөлийн орлогчоор Гадаад харилцааны сайд ажиллаж, ЗГХЭГ-ын дарга Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.
АСЕМ-тай холбогдуулж Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн зорилтод 21.1.4-т АСЕМ-ийг 2016 онд Улаанбаатарт зохион байгуулах шийдвэрийг гаргаж УИХ-д хэлэлцсэн. УИХ-аас 2016 оны төсвөөс 50 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг гаргасан.
Өмнөх арван удаагийн АСЕМ уулзалтын туршлагыг судалсан. 1996 онд Бангкокт болж байсан. Ес дэх удаагийн уулзалт Лаос улсад зохион байгуулагдсан. Дэд бүтэц байгаагүй байсан тул "АСЕМ вилла" барьж түүнийгээ улс нь ашиглаж чадаагүй дампуурсан тохиолдол гарч байсан. Бидний хувьд дэлхийн 51 улсын тэргүүн, ерөнхий сайд, өндөр албан тушаалтнуудыг хүлээн авах дэд бүтэц бүрэлдээгүй байсан тул нэг зочид буудалд таваас дээш хүнийг байлгах нь аюулгүй байдал талаасаа боломжгүй юм. Тиймээс ҮАБЗ хуралдаж төрийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангасан нэгдсэн зохион байгуулалттай хотхоныг Их тэнгэрт байгуулах санал яригдсан. Тусгай хамгаалалттай, дархан цаазат бүс учир төлбөрийн чадвартай хувийн хэвшлүүдэд санал тавьж Засгийн газрын хуралдаанд оруулж ирсэн. Тухайн үед би Засгийн газрын хэрэглэх эрхлэх газрын дарга, Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байсан.
Засгийн газрын 331-р тогтоолыг 2015 оны 8-р сарын 17-нд хэлэлцэн гаргасан. Монгол Улсын хөгжлийн банкны 7.1.1, 16.2-р заалтыг үндэслэж дээрх шийдвэрийг гаргасан. 2011 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа би Хөгжлийн банкны тухай хуулийг санаачилж, боловсруулж, батлуулсан. 226-р тогтоолыг хэлэлцэж байхад Сангийн сайдаар Ж.Эрдэнэбат ажиллаж байсан ба энэхүү хоёр тогтоолыг энд байгаа хүмүүс анхаарах хэрэгтэй. Тогтоолыг Ерөнхий сайд, асуудал оруулсан сайд гарын үсэг зурж баталгаажуулдаг. Энэ тогтоолыг Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, Сангийн сайд гарын үсэг зурж баталгаажуулсан
Хурал даргалагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-АСЕМ Виллатай холбоотой асуудлаар УИХ-ын шийдвэр байхгүй байхад Засгийн газар гаргасан байна гэсэн Хөгжлийн банкны өөрийнх нь дүгнэлт байна. Таныг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаанд АСЕМ Вилла хотхоныг санхүүжүүлэх шийдвэрийг УИХ-аас гаргасан байсан уу? Хөгжлийн банкнаас санхүүжүүл гэсэн шийдвэр байхгүй юм байна, тийм үү? Хөгжлийн банкны ТУЗ нь УИХ-аар дараа нь нөхөж гаргуулна гэдэг асуудал байсан юм уу? Үүнд хариулт хэлж өгөөрэй
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт:
-Энэ хуулийг баталж боловсруулсан хүний хувьд Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу баталсан. Та хуульч хүн, гэхдээ Хөгжлийн банкны хуулийг сайн ойлгоогүй юм шиг байна. Үүний 7.1.1-д зээл олгох авах заалт бий. 8-р зүйлд бүр нарийвчилсан өгсөн байгаа. Санхүүжүүлэх төсвийг УИХ-ын жил бүрийн хаврын чуулганаар батална гэж заасан байдаг. Зорилт 21.1.4-т АСЕМ-ыг Улаанбаатар зохион байгуулна гэдэг тогтоолыг баталчихсан. УИХ-ын тогтоолд тодорхой арга хэмжээний санхүүжилтийг ерөнхий зааж өгсөн байгаа. Засгийн газарт АСЕМ-ыг зохион байгуулах үүрэг өгч байгаа. Хөгжлийн банкны төсөл хөтөлбөрийн жагсаалтыг УИХ-аар батална гэж заасан. Төсөл хөтөлбөрийн жагсаалт гэсэн ерөнхий байгаа болохоос нэг бүрчлэн зааж өгөөгүй гэж ойлгож байна.
Хурал даргалагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Та АСЕМ хурлыг зохион байгуулах шийдвэр яриад байна. Энд зохион байгуулах нь зөв, буруу эсэхийг ерөөсөө ярихгүй, зөвхөн санхүүжүүлэлт л ярина. 2011 оноос хойш УИХ-аас Хөгжлийн банкнаас эх үүсвэртэй ямар нэгэн шийдвэр гарч байгаагүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсныг тодотгож хэлье гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ хүн хэзээ гараад ирсэн юм бэ. Жинхэнэ хулгайч луйварчин мөн шүү дээ. Манаы улсын иргэн ч биш байх мөн бол урвагч. Иим болж бүтэхгүй хүмүүсииг байх газарт нь баыршуулж сайн хүмүүжүүлэх хэрэгтэй.