Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн захирал асан Б.Баттүвшин болон Х.Түмэн, Ш.Эрдэнэболд нарт холбогдох, албан тушаалаа урвуулсан, мөнгө угаасан хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид хянан хэлэлцлээ.
Б.Баттүвшин нь дээрх сангийн захирал, Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, Ш.Эрдэнэболдын үүсгэн байгуулсан “Онгиболд” компаниар дамжуулан ЖДҮХС-гаас 1.5 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан байдаг. Ингэхдээ зээл авах шаардлага хангаагүй байхад 2014 оны аравдугаар сард “Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хуралдаанаар хэлэлцүүлж, “Монгол фермер” төслийг хэрэгжүүлэхээр дээрх мөнгийг “Онгиболд” ХХК-ийн “Голомт” банкан дахь дансанд шилжүүлэн өгчээ. Улмаар уг зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсныг АТГ-ынхан шалгаж тогтоосон байдаг.
Тодруулбал, Б.Баттүвшин аавынхаа эзэмшлийн “Эрдэнэбулган” гэх ХХК-ийн ажилтан Х.Түмэнгийн нэр дээр “Онгиболд” компаниас мөнгийг нь шилжүүлэн авсан аж. Уг мөнгөөрөө Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт барьсан нэгэн оффисын барилгын 11 дүгээр давхарт 1.1 тэрбум төгрөгөөр 386.3 ам метр талбай авчээ. Харин үлдсэн мөнгөнөөс Ш.Эрдэнэболдод 123, иргэн Б.Гантулгад 34, Ж.Галт-Одод 150, Х.Түмэнд 40, В.Эрдэнэбаярт 10, О.Маргадад 100 сая гэх зэргээр шилжүүлсэн нь мөнгө угаасан үйлдэл гэж мөрдөгч, прокурорууд дүгнэсэн юм.
Тиймээс НПГ-аас Б.Баттүвшин, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нарт Эрүүгийн хуулийн 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн”, мөн хуулийн 22.1-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Гэвч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн уг хэргийг хянан хэлэлцээд Б.Баттүвшин, Х.Түмэн, Ш.Эрдэнэболд нарыг цагаатгах тогтоол гаргасныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр нь баталсан юм.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг эс зөвшөөрсөн НПГ-ынхан Улсын дээд шүүхэд эсэргүүцэл бичсэнийг өчигдөр хэлэлцээд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзжээ. Улмаар цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгосноор анхан шатны шүүх дахиж хэлэлцэхээр болж буй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ene asuudliig shvvsen shvvgch nar hahuul absan baikh magdlaltai tul shvvgch nariig ni shalga