СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-06

Р.Мөнгөнчулуун: 50 шүргэж байгаа насандаа дахиад л Япон явж, ажиллах сонголтыг хийлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Япон Улсад Тусгай ур чадвартай ажилтан зуучлан гаргах ажлыг манай улс талаас Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газар хариуцан ажилладаг. 

Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлж тун удахгүй Японыг зорих гэж буй Р.Мөнгөнчулуунтай ярилцлаа.

Тэрбээр, Миний хувьд япон хэлний ”Соёл эрдэм” дээд сургуулийг төгссөн. Анх Япон Улсын Айчи аймгийн Тоёота хотын машины үйлдвэрт дадлагажигч ажилтнаар очиж байлаа.

Тоёота хот нь машины үйлдвэрлэл хөгжсөн Япондоо бол хөдөөрхүү газар л даа. Анх очиход хогоо ангилж хаяхаас эхлээд өндөр хөгжилтэй орны бүх юм нь сонин содон байсан. Би тэгэхэд 40 секундэд машины шилний рам зангиддаг, роботын үйлдлийг хянах дамжлага дээр ажилладаг байсан. Тав зургаан хүн хажууд зогсоод хянана. Ажилдаа дадаагүйгээс алдаа гаргаж, дараагийн дамжлагыг хүлээлгэхээс эхлээд анхандаа бүх юм хэцүү санагддаг байлаа.

Япон хүмүүс эмх цэгцтэй, цаг баримталдаг, хариуцлага өндөртэйгөөс гадна дуу цөөтэй, тайван талдаа. Чи чадахгүй байна гэж загнаж зэмлэхгүй. Харин ч эсрэгээрээ эелдэг харьцдаг. Тиймээс юм хэлэхгүй байх тусам болж байна гэж тайвширч, хайхрамжгүй хандаж болохгүй.

Бүгдийг ажиглаад дүгнэчихдэг учир илүү сайн хичээж ажиллах ёстой. Нөгөөтэйгүүр компаний соёл нь маш өндөр. Дарга нар нь их энгийн. Ажилтандаа мэдэхгүй, чадахгүйг нь яг л найз шиг зөвлөөд, хэлээд өгнө. Хүнийг хүндлэх, хүнд итгэх, хүнд заах соёл өөлөх юмгүй санагдсан. Ажилтнаа хүндлээд, итгэл үзүүлэх тусам урам зориг орж, ажилдаа хичээл зүтгэл гаргахын төлөө байдгийг Японд байхдаа илүү ойлгосон.

Манайд бол удирдлагын харилцаа, хандлагаас болж ядрах жишээтэй. Мөн ажил хийхэд хөдөлмөрийн нөхцөл сайн. Цалин хөлс, илүү цагийн үнэлэмж яг л хуулинд зааснаараа хугацаандаа олгогдоно. Японд хуулиа маш сайн баримталдаг. Миний бодлоор япончуудаас бие даасан хариуцлагатай байдал, хэлсэн амандаа хүрч чаддаг занг нь суралцмаар, алхам тутамдаа хэрэгжүүлмээр санагддаг.

Р.Мөнгөнчулуун: Монголчуудын нийтлэг алдаа бол хэлсэн ярьсандаа байдаггүйгээс гадна бие биенээсээ хамааралтай амьдрах гэдэг.

Бас нэг онцолж тусгууштай зүйл нь ажил эхлэхээс 10-15 минутын өмнө бүгд ажлын байрандаа ирээд, таван минут дасгал хийгээд, үлдсэн 10 минутад өнөөдрийн зорилгоо ярьдаг дэг журам. Тэр өдөр хийх ажил тодорхой байхад үр дүн ямар байх нь мэдээж тодорхой. Үүнийг Монголд хэрэгжүүлээсэй гэж боддог.

 

Анзаараад байхад гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн монголчууд эх орондоо ихийг хийх хүсэл эрмэлзэлтэй ирдэг. Мэдээлэл технологи, программ хангамжийн чиглэлээр төгсөөд ирж байгаа мундаг залуучууд байна. Японд инженер мэргэжлээр амжилттай суралцаад ирсэн залуучууд байна.

Өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдраад өөрийгөө дайчлаад сурсан тэд Монголдоо амьдарья, юм хийж бүтээе, болохоос нь бүтэхгүй хүртэл оролдоод үзье гээд эх орондоо ирдэг ч, хүнд суртал, асуудал бэрхшээл бүгдийг давах зориг итгэлээрээ зүтгэсээр сүүлдээ аргагүй буцахад хүрдэг. Тэдний нарийн мэргэжил, мэргэшил, ур чадварт үнэлэмж тогтоодог, ажил эрхлэх нөхцлийг хангаж өгдөг тогтолцоо байхгүйгээс аргагүйн эрхэнд буцаад явж байна.

Миний мэдэж байгаагаар машины схем зохион бүтээдэг иинженерүүдээс эхлээд олон хүн буцсан. Тэд Японд очоод үнэхээр цойлж ажиллаж байна. Энэ мэтчилэнгээр эх орныхоо хөгжил цэцэглэлтэд биш гадныханд мэдлэг чадвараа зориулаад явж байгаа залуус цөөнгүй байна. Тэдний гал усанд орохоос буцахгүй халуун сэтгэл, итгэлийг мохоогоод буцааж байна. Тиймээс тэдний мэдлэг, чадварыг битгий дутуу үнэлээсэй. Тухайн хүнийг сайн таниагүй байж, битгий үргээгээсэй гэж боддог.

Миний хувьд ч мөн монголдоо ирээд япон хоолны газар ажиллуулах гэж хичээсэн. Түрээс, татвараас эхлээд дарамт ихтэй байснаас аргагүйн эрхэнд болиход хүрсэн. Татвараас гээд, хэдэн албан хаагч орж ирээд, дээгүүр доогуур хялалзаж байгаад, баахан торгууль бичээд явдаг.

Торгуулийг нь төлөхөөр тэр нь улсын татварын сан биш Улаанбаатар хотыг хөгжүүлэх санд орох жишээтэй. Түрээс гээд таван зуун мянган төгрөг төлөөд байж байтал, дараа сард нь гэнэт сая төгрөг болно. Энэ нь манай улсад гэрээний журам мөрдөгддөггүйгээс, үндэслэлгүй гэрээ хийгддэгийн нэг илрэл. Тиймээс хувийн юм хийе гэхээсээ япон компанид ажиллахыг илүүд үзэх болсон. Яагаад гэвэл стресс багатай байдаг. Тэнд удирдлагын дарамт байдаггүй.

Иргэдээ гадагш гаргаад дууслаа гээд байна. Шүүмжлэхээсээ илүү бодит нөхцөл ямар байгааг бодох л хэрэгтэй. Хэрэв боломжтой бол эх орноосоо явахыг хэн хүсэх билээ.

Би л гэхэд 50 шүргэж байгаа насандаа дахиад л япон явах сонголтыг хийж байна. Амьдралын нөхцөл үүнийг шаардаад байна. Нөгөөтэйгүүр тайван баймаар байна. Монголд ажлаас гадна дам стрессүүд их байна. Гадагшаа ихэнх нь явж байна гэж шүүмжлэхийн оронд, гадаад улсаас Монголдоо нутагшуулж болох технологийг сурсан иргэдээ дэмжих хэрэгтэй байгаа юм.

Энэ удаа би ур чадвартай ажилтнаар Японд ажиллах гэж байгаа. Япон хэлийг сайн сураад, шалгалтаа амжилттай өгвөл хэн бүхэнд боломж бий. Хоёр улсын гэрээ хэлэлцээр, санамж бичгийн хүрээнд тусгай ур чадвартай ажилтнаар японд ажиллахад давуу тал нь яг япон ажилтан шиг цалин авах боломжтой. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас үйлчилгээ авч зуучлуулах нь хамгийн найдвартай, түргэн шуурхай, ил тод, нээлттэй, хямд зардлаар албан ёсны гэрээтэй компаниудад илгээдэг юм байна гэдгийг хүмүүст хэлмээр байна.

Яагаад гэхээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын гэрээгээр явахад Япон Улсад монгол ажилтан зуучилдаг хувийн компаниудын авдаг шиг арав, хорин сая төгрөг төлөхгүй. Нислэгийн зардлыг эс тооцвол бараг үнэгүйтэй адил хэмээн ярилаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин Т. Алтанцэцэг
1 жилийн өмнө
192.82.77.194

Маш зөв ярьж хэлж байна. Манай төр засаг эрдэм мэдлэгтэй, ур чадвартай боловсролтой хүмүүсээ яг эзэмшсэн мэргэжлээр нь ажиллуулдаггүй учраас эх орон минь хөгжлийн шинэ шатанд гарч чадахгүй бна. Нам, танил тал,ах дүү, амраг садан, төрөл төрөгсдөдөө мэргэжилтэй мэргэжилгүй ажлын байртай болгож цалин хангамжаар хангаж л байвал бусад нь хамаагүй гэсэн үмхэл ашиг сонирхолдоо хөтлөгдөж жинхэнэ боловсролтой хүмүүсээ гаргуунд нь орхиж байгаад нь харамсдаг юм. Иймээс Р.Мөнгөнчулуун таны сонгосон сонголт зөв танд амжилт хүсье. Нэгэнт эх орон Монголын тухай яриад ч хэрэггүй биз ээ. Уул нь монгол минь Монголоороо байвал сайхан сан.

Баярбаясгалан
1 жилийн өмнө
59.153.87.160

Тэр нь зөв байх зуучлалын кампаниар зуучлуулчихаад очсон хойно нь зуучилсан кампани нь утсаар ярьж дарамтлана нөгөө кампани нь очсон хойно нь гэрээг өөрчилж нэмэгдлээ хасаж байна муучилсан кампани нь ямар хариуцлага байхгүй энэ олон хэрэггүй зуучлалын компаниудыг шалгах хэрэгтэй

Зочин
1 жилийн өмнө
172.58.140.67

Хүнд суртал , ажлын байрны дарамт , атаач жөтөөч хов хөөцөөлддөг , хор найруулдаг Монголчуудын нийтлэг хүн бүрт нь ялангуяа удирдлагууд нь өөрсдийгөө долоолгох гээд байдаг үнэн муухай

Зочин
1 жилийн өмнө
192.82.67.116

Яг үнэн зүйлийн талаар бичжээ. Ялангуяа улсын үйлдвэрийн газруудад томилогдож очсон дарга , тухайн нутаг орноос УИХд гарсан гишүүдийн шахааны хүмүүс жинхэнэ ажлаа авч явдаг мэргэжлийн хүмүүсийг үл тоож ямарч мэдлэг мэргэжилгүй ухаан муутай юмнуудыг удирдах албан тушаал дээр тавьж ажил, бодлого орхигдуулж дампууруулж байна. Хоосон ярьдаг хогийн боолууд л тэдэнд хэрэгтэй. Улс орноо хүн ардаа хэзээч бодохгүй бн.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.