Гурван өгүүлбэрээр:
Худалдаа ашигтай
Монгол Улсын төлбөрийн тэнцэл нэгдүгээр сард 188.56 сая ам.долларын ашигтай гарснаар сүүлийн гурван сарын хугацаанд эерэг үзүүлэлтээ хадгалав. Монголбанкны тайланд дурдсанаар 2022 оны нэгдүгээр сард төлбөрийн тэнцэл 460 гаруй сая ам.долларын алдагдалтай гарч байсантай харьцуулахад энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр ашигтай гарахад экспортын орлого голлон нөлөөлсөн байна. Тухайлбал: нэгдүгээр сард барааны данс 372.6 сая ам.долларын ашигтай гарахад гадаадад экспортолсон барааны үнийн дүн нэг тэрбум ам.доллар давсан нь гол жин даржээ
Төлөвлөгөө биелэв
"Оюу Толгой" ХХК 2022 оны IV улиралд 32,343 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэснээр жилийн нийт дүн нь 129,468 тонн болж, өнгөрсөн оны үйлдвэрлэлийн төлөвлөгөө болох 110,000-150,000 тонн хүргэж чаджээ. Түүнчлэн өнгөрсөн улиралд 34,222 унц, 2022 онд нийт 183,787 унц баяжмал дахь алт үйлдвэрлэснээр төлөвлөгөөгөө биелүүлсэн байна.
Байр суурь
"Энэ сард бид гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлж, аажмаар хүчин чадлаа нэмээд явна. Эхний ээлжид 4000 тонн хүдэр олборлох бөгөөд яваандаа 10 мянган тонн хүргэнэ. Эцсийн дүндээ 2030 он гэхэд гүний уурхайн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн эзэмшиж, өдөрт ойролцоогоор 95 мянган тонн хүдэр олборлох хэмжээнд хүргэнэ. Ингэснээр өнөөдрийн байдлаар жилд 130,000 орчим тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэж байгаа нь 500 мянган тонн болж нэмэгдэнэ гэж тооцоолсон" хэмээн "Оюу Толгой" ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер "Bloomberg TV Mongolia"-д өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
Starlink биш, гэхдээ...
Нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэх чиглэлд Илон Маскийн "Starlink"-ийн өрсөлдөгчдийн нэг болох Английн "One Web" компани "Монголын цахилгаан холбоо"-той хамтарч Монгол Улс даяар интернэтийн үйлчилгээ үзүүлэх ажлыг эхлүүлснийг ЦХХХЯ мэдээллээ. Ингэснээр шилэн кабелийн дэд бүтэц хүрсэн эсэхээс үл хамааран иргэд өөрсдийн сонголтоор интернэт хүлээн авах нөхцөл бүрдэж байгаа аж. Өнгөрсөн онд нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах бодлого батлагдан гарч, "Старлинк сервисес Монголиа" нэртэй компани УБЕГ-т бүртгүүлснийг мэдээлж байв. Хэдий тийм боловч Монголд энэ үйлчилгээний анхдагч нь "One Web" болж байна.
"Petro Matad"-ийн сэргэлт
Их Британийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Petro Matad" компанийн үйл ажиллагаа 2023 онд эргэн сэргэхээр байна гэж Англид төвтэй "Progressive Equity Research" байгууллага үзлээ. Хилийн хязгаарлалт суларснаар тус компани БНХАУ-аас шаардлагатай үйлчилгээнүүдээ дахин авч, саатаад байсан үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэхээр байна. Түүнчлэн газрын тосны "Velociraptor" талбайд хийх өрөмдлөг болон шинэ лиценз, сэргээгдэх эрчим хүчний бизнес зэрэгт зарцуулах зургаан сая ам.долларын санхүүжилт авсан нь мөн нөлөөлөх төлөвтэй байгаа аж.
Нүүрсний шинэ мэдээ
БНХАУ-ын зохицуулагчид нүүрсний уурхайнуудад өргөн хүрээг хамарсан хяналт шалгалт явуулж байгаагаас ӨМӨЗО-ы коксжих нүүрсний зарим олборлогчид үйлдвэрлэлийн гарцаа бууруулж магадгүй байгааг "Sxcoal" мэдээллээ. ӨМӨЗО-д хоёрдугаар сарын 22-нд болсон уурхайн ослоос хойш зарим олборлогчид аль хэдийн гарцаа бууруулж, зарим нь үйлдвэрлэлээ зогсоогоод байгаа юм.
Үүнээс гадна Казахстан улс дотоодын нийлүүлэлтийн хомсдолыг арилгахын тулд авто замаар тээвэрлэх нүүрсний экспортоо зургаан сарын хугацаанд зогсоож байгааг дотоодын эх сурвалж мэдээлжээ.
Шорооноос ч хямд
Ногоон технологийн салбарт БНХАУ-ын ноёрхлыг зогсоохын тулд АНУ цахилгаан автомашин болон цэнэг хураагуур үйлдвэрлэдэг компаниудад олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт төсөвлөөд байна. Эдгээр компаниудын нэг нь графен материал ашиглан лити-хүхрийн цэнэг хураагуур үйлдвэрлэх гол инновац бүхий "Lyten" юм. Энэ төрлийн цэнэг хураагуур нь эрчим хүчний нягтаршил өндөр, бусад төрлийг бодвол илүү хөнгөн, аюулгүйн зэрэгцээ цаашид кобальт, никель, манган зэрэг металлаас хамааралтай байдлыг бууруулах ач холбогдолтой хэмээн тус компани онцолж байна. "Бидний гарган авдаг материал бараг л шорооноос хямдхан" хэмээн Калифорни мужийн Сан-Хосед төвтэй "Lyten" компанийн Төсөл хариуцсан захирал өгүүлжээ.
Тэмцлээ орхихгүй
Инфляцыг бүрэн дарахын тулд бодлогын хүүг дахин өсгөж, ирэх он гартал өндөр түвшинд хадгалах шаардлагатай байгааг АНУ-ын Холбооны Нөөцийн банкны албан тушаалтнууд илэрхийлж байна. "Бодлогын хүүг 5-5.25 хувьд хүргэж өсгөн, 2024 он гартал тухайн түвшинд хадгалах хэрэгтэй байна. Ингэснээр мөнгөний хатуу бодлого эдийн засагт бүрэн нэвтэрч, үр дүнд нь эрэлт нийлүүлэлтийн тэнцвэртэй нөхцөл байдал үүсэн инфляц саарна" хэмээн Атланта хотын Холбооны Нөөцийн банкны Ерөнхийлөгч Рафаел Бостик онцолжээ. Хэдийгээр АНУ-ын Төв банк мөнгөний бодлогоо 1980-аад оноос хойш байгаагүй өндөр эрчтэйгээр чангаруулаад буй ч инфляцын бууралтын шинж тэмдэг хүлээсэн хэмжээнд нь төдийлөн хүрэхгүй байна.
Нээгдсэн орон зай
БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид барууны компаниудын ОХУ-ын зах зээлд үлдээсэн орон зайг нөхөж байна. Худалдан авахад боломжийн үнэтэй гэдгээрээ танигдаад байгаа "Geely", "Chery Automobile", "Great Wall Motor" зэрэг БНХАУ-ын брэндүүд 2022 онд ОХУ-ын автомашины зах зээлийн 17 хувийг бүрдүүлжээ. Украины дайн эхэлснээс хойш "Volkswagen", "Toyota Motor" зэрэг дэлхийд тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчид ОХУ-ын зах зээлийг орхисон юм. Харин БНХАУ-ын компаниуд хориг арга хэмжээнүүдээс үл хамааран ОХУ-ын зах зээлд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж.
"Ультра" тансаг
100 мянган ам.доллароор нэг шөнө саатах ямар байх бол? Дубайн "Atlantis the Royal" зочид буудалд үүнийг мэдрэх боломжтой. 1.2 тэрбум ам.долларын өртгөөр баригдаж, нээлтийн ёслолдоо Бейонсег урьж дуулуулсан гэдгээрээ дэлхий дахины анхаарлыг татаад байсан тус зочид буудал өөрсдийн тодорхойлсон шиг үнэхээр "дэлхийн хамгийн тансаг" зочид буудал мөн эсэхийг аялагчид, гийчид мэдэж эхлээд байна. Персийн булангийн усаар хүрээлэгдсэн байршилтай, алдартай тогооч нараас бүрдсэн долоон ресторантай, 90 бассейнтай, ресейпшний ширээнээс эхлээд шүдний сойзыг нь хүртэл алтаар бүрсэн гээд "Atlantis the Royal" зочид буудлын тансаг байдлаас дурдаж болох юм.
BloombergTV.mn танд санал болгож байна
"ChatGPT"-ийг хүссэн компани аппликейшндээ холбох боломжтой боллоо
Итали болон ХБНГУ уламжлалт хөдөлгүүрт автомашины эсрэг Европын Холбооны хоригийг эсэргүүцэв
БНХАУ-ын хөдөлмөр эрхэлж буй хүн амын тоо 41 саяар буурав
Онцлох чарт
"TikTok" сошиал платформоос 18-аас доош насны хэрэглэгчдийн тус аппликейшнийг ашиглах хугацааг 60 минут болгон хязгаарлах шийдвэр гаргалаа. Энэ нь аппликейшний донтуулдаг шинж чанарыг багасгаж, өсвөр настнуудад үзүүлэх нөлөөлөлтэй холбоотой санаа зовоосон асуудлуудыг арилгах хүчин чармайлтынх нь нэг хэсэг болж байна. Шинэ журмын дагуу 13-18 насны хэрэглэгчид “TikTok”-ийг өдөрт нэг цагаас дээш хугацаанд ашиглахыг хүсвэл заавал нууц үг оруулах шаардлагатай болох аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Муу сонголт.
Таалагдлаа