Монгол улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2023.03.01/ болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт нар танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Ерөнхий сайд хоёрдугаар сарын 12-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд дөрвөн сайд албан ёсны баримт бичигт гарын үсэг зурж, баталгаажуулсан. Үүгээр сүүлийн 20 жилийн хугацаанд яригдсан 11 асуудлыг эцэслэж чадлаа. Чөлөөт худалдааны хэлэлцээр, БНСУ-Монгол улс хооронд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг харилцан хамгаалах, Газрын ховор элементийн судалгааны хамтарсан төв байгуулах, Монгол улсын иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцлөөр виз олгох, энэ хүрээнд БНСУ-ын Хууль зүйн сайд, Хил гаалийн албаны дарга нар гуравдугаар сард манай улсад ирж визгүй болсон тохиолдолд гарах хүндрэл бэрхшээл, эерэг талыг судлахаар тогтлоо.
Мөн 2000 оны үеэс эхлэн тус улсад ажиллаж амьдарч байгаа хүүхдүүдийг сургаж байгаа монгол сургуульд зочилсон. Ерөнхий сайдын зүгээс тус сургууль хэвийн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаад талархал илэрхийлж, хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн хүүхэд багачуудыг сургаж байгаа байгууллагад хөрөнгө санхүүгийн дэмжлэг олгох болсон. Хаврын чуулганаар зохих хуульд нэмэлт өөрчлөлт хийнэ.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэх үүргийг өглөө.
-Засгийн газрын хэд хэдэн сайд нүүрсний хэрэгт холбогдож, чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Хэзээ хэлэлцэх вэ?
-Хэд хэдэн сайд биш нэг сайд албан ёсоор яллагдагчаар татагдсан. Тэр даруйдаа сайд болон гишүүний албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Гуравдугаар сарын 15-нд хаврын чуулган эхлэх үеэр хүсэлтийг авч хэлэлцэнэ. 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад танилцуулагдсаны үндсэн дээр хэлэлцэхээр болсон. Чөлөөлөгдөх танилцуулга очсон байгаа. Чуулган эхлэхээр танилцуулагдаж, чөлөөлөх асуудал яригдана. Түүний дараа дараачийн сайдын асуудлыг ярьж эхэлнэ.
Улс төрийн намын тухай хуульд зааснаар дүрмийн дагуу намын гишүүн яллагдагчаар татагдсан тохиолдолд нэг сарын дотор гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгөх ёстой. Хэрэв өргөдлөө өгөхгүй бол намын Хяналтын хороо хуралдаж гишүүнээс чөлөөлөх шийдвэр гаргадаг. Одоогоор хугацаа нь арай болоогүй байгаа тул Хяналтын хороо хуралдаагүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
феодалуудыг төрөөс бүрмөсөн зайлуулах хэрэгтэй