Бодибилдинг, фитнессийн спортоор 22 жил хичээллэж, сүүлийн 10 жилд дасгалжуулагч багшаар ажиллаж буй Б.Түвшинтогтохтой ярилцлаа.
Тэрбээр “Фитнессээр 2-3 сар хичээллээд орхичих юм бол буцаад л 1-2 сарын дараа гаргасан гоё үр дүнгээ үгүй хийчихнэ. Тэгэхээр фитнессийг иддэг хоол шигээ болгох хэрэгтэй” хэмээн зөвлөлөө. Түүний тамирчин болгож бэлтгэсэн анхны шавь нарынх нь нэг фитнесс модель Анухай /Н.Анужин/ аж.
Бодибилдинг, фитнессийн багш, дасгалжуулагч Б.Түвшинтогтох:
-Фитнесст явж байгаа хүмүүс 2-3 зорилготой ирдэг. Жин хаяя, нэмье, галбиржъя гэдэг. Тэрнээс цааш хэн зорьж, гаргаж өгсөн хоолны хөтөлбөрийг хэн мөрдөж чадаж байна, хэн өөрийгөө дайчилж бэлтгэлээ хийж, таслахгүй ирж чадаж байна тэр хүмүүс л амжилтад хүрч байна. Түүнээс биш 2-3 сар яваад орхичих юм бол буцаад л нэг, хоёр сарын дараа нөгөө гоё гаргасан үр дүнгээ үгүй хийчих учраас фитнессийг иддэг хоол шигээ болгох хэрэгтэй.
Хичээллэж байгаа хүмүүст нэг буруу юм байгаа. 10, 20 жил хичээллэж байгаа тамирчдыг харангуутаа “Хоёр сар яваад ийм болох уу” гэж асуудаг. Тэгэхээр нь би хэлдэг. “Тэр хүн 20 жил хичээллэсэн бол чи 20 жил хичээллэчих. Тэгээд л тэр хүн шигээ бол!” Түүнээс биш 20 жил хичээллэсэн хүнийг харчихаад 2 сар хичээллээд яг тийм болно гэсэн зорилготой ирдэг.
Тийм учраас тэр хүн ямар замыг туулсан байна, ямар хоолны дэглэм барьж, яаж гүрийж зовсон байна? Тэрийг туулж байж тэр хүн тэр хэмжээнд очих юм. Түүнээс зүгээр нэг хараад ярих бол амархан. Ядаж долоо хоногт гурван өдөр, өдөрт хоёр цагийг хүн бүр өөртөө зарцуулаад сурчих юм бол тэр хүн цаашаагаа ямар ч хэмжээнд хүрэх боломжтой. Фитнесс гэдэг чинь цаг хугацааны спорт.
Фитнесс гэдэг 80 хувь хоолноос хамааралтай. Дасгал бол 20 хувь. Яагаад тэгж байгаа юм бэ гэхээр идэж байгаа хоол чинь хүний жин нэмэх, хасахад 100 хувь хамааралтай. Дасгал хөдөлгөөн хийж байгаа тохиолдолд та нарын биеийн чинь температур өсөж, өөхийг тань шатаана.
Зөв хооллолт гэдэг нь манайхны ярьдгаар гурил, будаагаа хасчихвал зөв болчих гээд эсвэл гурил, будаа идвэл таргалчих юм бодоод байдаг. Ер нь бол байгаа материалыг зөв боловсруулж идэхийг л зөв хооллолт гэж байгаа юм.
Турна гэдэг хоол хасахын нэр биш. Жишээ нь, хоол хасаад ирэхээр ходоод чинь илүү ажиллана. Гэнэт байж байгаад их юм идчихээр бөөрөнд ачаалал өгөөд, хаван үүсээд тэгээд огцом жин нэмэх шалтгаан болдог. Тэгэхээр аль болох багаар олон удаа хооллож байж, эрүүл хооллолт болж байгаа юм хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.