СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-02-20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн МҮОНТВ-д өгсөн ярилцлагын онцлох эшлэлүүд

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн МҮОНТВ-ийн “Онцлох зочин” нэвтрүүлэгт өчигдөр оролцохдоо хэлсэн онцлох эшлэлүүдийг та бүхэнд хүргэе. 

-Тавантолгой компаниас халагдсан Б.Ганхуяг болон МОХ-ны үе үеийн удирдлагууд нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаалын үеэр санхүүжилт босгож Засгийн газрын эсрэг уриалсан. Б.Ганхуяг, Н.Удаанжаргал болон МОХ-ны одоогийн ерөнхийлөгч А нар Тавантолгойд томилогдож тендер авдаг байсан. Одоо шалгагдаж байгаа. Органик жагсаалын хажуугаар гуя дагаж хүзүү гэдэг шиг зүйл явсан. Мэдээж манай сөрөг хүчнийхэн оролцсон. Мөн жагсаалд койнтой холбоотой нөхөд оролцсон. Дээрээс нь Оюутолгой, Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банкны эрх ашиг нь зөрчигдсөн нөхөд оролцсон. Гэхдээ тэдний зорилго биелээгүй!

-Жижиг Тавантолгойн луйвар бол Том Тавантолгойтой бараг дүйнэ. Мөргөцөг алга болсон, тээвэрлэлттэй холбоотой жижиг Тавантолгой дээр үүснэ. Жижиг Тавантолгой УИХ-ын гишүүн “Ажнай” хочит Д.Бат-Эрдэнэ ганцаараа эзэн суусан! Бараг л 100 хувь тэр хүний өмч. Харахад олон нийтийн юм шиг боловч тэнд ямар ч бүртгэл байхгүй, худалдан авалтын ямар ч бүртгэл байхгүй. Нүүрсний хулгайн эсрэг жагсаалыг “АЖНАЙ” Д.Бат-Эрдэнэ санхүүжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Энийг би шулуухан л хэлчих нь зүйтэй. 

-Уул уурхай, газрын баялгийг дагасан далд эдийн засаг бий болсон. Энэ эдийн засаг улс төрийн намыг санхүүжүүлдэг нь ойлгомжтой болж ирсэн. Энэ албан ёсны бүтцийг албан ёсны төр нь дийлэхээ больсон. Эд нар юу гэж ярьдаг вэ гэхээр "Тоглоомын дүрэм өөрчлөгдөхгүй. Тоглогчид өөрчлөгдөх учир хүлээх ёстой. Нүүрс, зэс байхад төрийг удирдаж чадна" гэдэг. Энэ асуудлыг өөрчлөхгүйгээр, ил болгохгүйгээр цааш явахгүй. Бидний хувьд огцрох гэдэг бол хоёрдугаар асуудал. 

-С.Зориг агсны хэрэг Эрдэнэт үйлдвэртэй холбоотой. Баримт бичгүүдийг харахад тэр үед Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон үе байсан. С.Зориг алагдсан 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр одоогийн энэ авлигын систем үүссэн юм биш байгаа гэж би дотроо боддог. Үе үеийн Ерөнхийлөгч нар тэнд бараа шахдаг байсан гэдэг домог яриа ч байдаг

-Монголд байдаг 500 шүүгчийн тал нь Ц.Элбэгдорж, тал нь Х.Баттулгын хүмүүс. Авлигын асуудал байна гэдэг шүүгч нар ажлаа хийгээгүй гэсэн үг. 30 жил шүүхийг шударга байхыг хүлээсэн. 

-30 жилийн газар олголтыг шалгана. Эмнэлгийн нүүрийг хааж газар олгосон байдаг. Төмөр замын дунд газар олгосон байна. 

-УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг бол сонгогчдын төлөөллийн мандатыг хамгаалж байгаа болохоос хулгай, авлигыг хаацайлах зорилгогүй. Хаврын чуулган 3-р сарын 15-нд эхэлнэ. Өргөдлөө өгсөн хоёр гишүүнээс гадна дахиад ч олон улстөрчийг шалгах асуудал хөндөгдөх байх. Өргөдлөө өгөөд шалгуул гэж би хэлж байгаа. Халдашгүй байдлын ард нуугдалгүй өргөдлөө өгөөд шалгуулцгаа.

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн өөрийн эхнэр, нөхөр, үр хүүхэд, ах дүү хамаатан саднаа төрд томилох эрхийг хаана. Тендерт орох, хувьчлалд орох эцсийн өмчлөгчийн асуудлыг бид хаана. 

-Оюутолгойн гүний уурхайн олборлолт ирэх сарын 13-нд бүтэн эхэлж, үйлдвэрлэлд шилжинэ. Ингэснээр 2027 оноос ДНБ-ийг 2 дахин тэлнэ. Мөн Рио Тинто, Засгийн газрын хоорондын хоёр дахь шатны хэлцэл үргэлжилнэ. 

-Эрт илрүүлгээр шүдний асуудал манай улсын иргэдийн хамгийн том асуудал болжээ гэдэг дүгнэлт гарсан. 

-Нийтийн тээврээ 100 хувь шинэчилнэ. Түгжрэл тэр хэрээр буурна. 

-Герман дахь айлчлалын үеэр сөхөгдсөн цагны асуудлын хувьд 40 насны төрсөн өдрөөр минь “Херо-ийн Б.Баатар бэлэглэсэн. Онгоцны нислэгтэй холбоотой асуудлын хувьд санхүү хэмнэх гэсэн л үйлдэл. Иргэдийг бухимдуулсандаа хүлцэл өчье. Би өөрөө үнэн байхгүй юм бол үнэний төлөө яаж явах юм бэ.

-Тоглоомынхоо дүрмийг л би өөрчилье гээд байгаа. Би өөрөө үнэн байхгүй бол яаж үнэний төлөө явах юм бэ? Олон нийтийн болон хэвлэлүүдийнхээ дэмжлэгтэйгээр энэ олон тэмцлийнхээ ард гарна, үр дүнд хүрнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Ард түмнээс илүү хүч гэж хаана байхгүй. Хийж байгаа ажлаа сурталчлахыг бодохгүй байгаа. Бид 30 жил ярилаа, одоо хийх цаг болсон.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.