БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах багийн эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.
Тус бүс нутагт ажиллаж байгаа ММ агентлагийн сурвалжлагч Монголын аврах багийн гишүүдтэй ярилцжээ. "Амьд хүн аврах" зорилготой ажиллаж байгаа тус багийнхан ар гэрийнхний хүсэлтээр цогцос гаргах ажиллагааг ч давхар хийж байгаа гэдгээ хэллээ.
Аврагч: Биднийг дагуулж яваа хөтөч маань аюултай газар байгаа тул орж хэрэггүй, буцья гэсэн ч охин нь "Аавын маань хөл цухуйж байна, гаргаад өгөөч" гэж хүссэн. Бид хүнлэг ёсыг баримталж ажиллаж байна.
Ажаад байхад том орны аврагч нар барилгын хийц загвар, хазайлт, градус гээд тооцоо боддог юм байна. Аюултай гэж үзвэл хаяад явдаг. Монголын багийнхан арай тэгж чадахгүй байна хэмээн ярив.
Аврах багийн ахлагч, бригадын генерал Б.Ууганбаяр өчигдөр буюу 13-нд хээрийн эмнэлгийн байрлалд хүрэлцэн очиж үүрэг чиглэл өгч, Антакья хотын цэрэг болон цагдаагийн байгууллагын удирдлага зохицуулалтын газар, мужийн Онцгой байдлын удирдлагын төв /AFAD/-ийнхэнтэй уулзалт хийлээ.
Энэ үеэр Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу, Батлан хамгаалахын сайд, армийн генерал Хулуси Акар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, армийн генерал Яшар Гүлэр, Улсын Их Хурлын гишүүн Хасан Серт, Амасиа мужийн амбан захирагч Мустафа Максатлар нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын болон Монголын нийт ард иргэдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлэв.
Засгийн газраас олгосон хүмүүнлэгийн тусламжийн бараа материалыг хүлээн авах асуудлаар УИХ-ын гишүүнтэй тохирч, машин техник болон зохицуулалтын асуудлыг шийдвэрлэлээ.
Түүнчлэн тус улсын Бандирма дахь Агаарын цэргийн 8 дугаар баазын ар тал, хангалтын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр, Элчин сайдын яамны ерөнхий консул Н.Хишгээ нартай утсаар холбогдон, нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.