Турк улсын Засгийн газар гамшигт нэрвэгдсэн өрх бүрд 10 мянган лира буюу 531 ам.долларын мөнгөн тусламж үзүүлнэ. Сүйрэл дагуулсан газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо Турк улсад 12 мянга 391 хүрснийг тус улсын Гамшгийн менежментийн агентлагаас мэдээллээ. Харин Сири улсад амиа алдсан хүмүүсийн тоо 2000 гаруйгаар нэмэгдсэнийг Туркийн “TRT” телевиз мэдээлсэн байна.
Турк улсын болон дэлхийн 40 гаруй орны илгээсэн аврах багийнхан эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулж байгаа ч цаг хугацаа өнгөрөх тусам гамшигт нэрвэгдэгсдийг эсэн мэнд олох магадлал багассаар байна.
БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоан тус улсын Засгийн газар гамшгийн дараа шуурхай арга хэмжээ авч чадалгүй цаг алдсаныг хүлээн зөвшөөрсний зэрэгцээ газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудыг нэг жилийн дотор сэргээн босгохоо амлажээ. Гамшгийн бүс нутагт хүрэлцэн очоод буй тэрбээр орон гэрээ алдсан бүх иргэдийг орон байраар хангахаас гадна одоохондоо майханд амьдрах хүсэлгүй байгаа иргэдийг Газар дундын тэнгисийн эрэг дагуух зочид буудлуудад шилжүүлэн байршуулах боломжтой гэсэн байна. Түүнчлэн гамшигт нэрвэгдсэн өрх бүрд 10 мянган лира буюу 531 ам.долларын мөнгөн тусламж үзүүлэхээр болсныг зарлав.
Лхагва гарагт Турк улсын интернэт үйлчилгээ үзүүлэгч зарим компаниуд “Twitter” платформд нэвтрэх хандалтыг хаасан байгааг интернэт сүлжээний хяналтын “Netblocks” веб сайт илрүүлсэн байна. Тухайн өдөр Туркийн Засгийн газраас газар хөдлөлтийн дараах үйл явдал болон гамшгийн хариу арга хэмжээний талаар сошиал сувгуудад худал мэдээлэл ихээр тархаж байгааг буруутгасан мэдэгдэл гаргасан аж.
“Twitter” компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск Туркийн Засгийн газраас тус платформын хандалтыг хязгаарласан шийдвэрийн тухай “илүү мэдээлэл авахаар” холбогдсон бөгөөд Засгийн газар хандалтыг удахгүй эргэн нээх болохоо мэдэгдсэнийг өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Түүнчлэн “Twitter” компанийн төлөөлөгчид сошиал платформ дээрх худал мэдээллийг таслан зогсооход тус улстай хамтран ажиллахаар амлалт өгснийг тус улсын төрийн хэвлэл мэдээлжээ.
Эх сурвалж: bloombergtv.mn
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.