СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-02-09

Г.Занданшатар: Төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг таслан зогсоох ёстой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийх үеэр Улсын Их Хурлын үйл ажиллагаанд шинэ шатанд гарч буй хяналт, шалгалтын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлж байлаа.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс  хөгжихийн тулд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж, амар хялбараар амьдрах, бэлэнчлэх сэтгэлгээг өөрчлөхийн тулд нэн яаралтай эрх зүйн зохицуулалтуудыг хийж, цоо шинэ тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо.   

Парламентаас Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, энэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд авлига албан тушаал, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлснээр олон жил бугшсан хулгай, луйвар ил болж байна. Нийгмийн шударга ёс, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад  авлига, албан тушаалын гэмт хэрэг хамгийн том саад болж байна. Албан тушаалтнуудын оролцоотой авлигын томоохон хэргүүд олон нийтийг бухимдуулж буй энэ цаг үед төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг таслан зогсоохын тулд Улсын Их Хурал Авлигатай тэмцэх багц хуулийн төслийг хэлэлцэж байгааг тэмдэглэсэн.

Мөн хойч үеийнхээ боломжийг хулгайлж буй хээл хахуулийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд авлигачдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг. Авлигын гэмт хэрэгтэй холбоотой Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийг бүхэлд нь хөндөж нэмэлт, өөрчлөлт оруулснаар ялын хэмжээг нэмэгдүүлж, нийтийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар тусгасан. гэдгийг Улсын Их Хурлын  дарга онцолж байлаа.  

Түүнчлэн Авлигатай тэмцэх багц хуулийн төслийн хүрээнд нийтийн сайн сайхны төлөө нийгэмд бугшсан хууль бус үйлдэл, авлига, албан тушаалын гэмт хэргийг илчлэн мэдээлэгчийг хамгаалах, иргэдийн оролцоог түшиглэхийн тулд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Ийнхүү хууль тогтоох дээд байгууллагын чиг үүргийг шинэ түвшинд гаргаж, олон жил нийгэмд бугшсан асуудлыг нийтэд дэлгэж, хууль бус үйлдлүүдийг мөрдөн шалгаж, илрүүлэхэд Авлигатай тэмцэх багц хууль үр дүнгээ өгнө гэв.

Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан талаараа хөндөж, төслийн талаар иргэдэд танилцуулсан. .

Уулзалтад оролцогчдын зүгээс улстөрчид болон төрийн албаны эрх бүхий тушаалтнуудын  авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой мэдээллүүд хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр цацагддагч тодорхой хариуцлага хүлээлгүй өнгөрдөг тул авлигын эсрэг тэмцэлд итгэл алдардаг талаар хөндөхийн зэрэгцээ Улсын Их Хурлын зүгээс Монгол Улсын Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хууль бус асуудал болон нүүрсний хулгайн гэмт хэргийг даруй илрүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж буйд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.