Гурван өгүүлбэрээр:
Таван "Ш"
Засгийн газар 2023 оныг "Авлигатай тэмцэх жил" болгохоор шийдвэрлэлээ. Авлигын эсрэг зорилт амжилттай хэрэгжвэл нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.доллароос дээш давах боломжтой гэж үзжээ. Энэ хүрээнд таван "Ш" үйл ажиллагаа гэж нэрлэж буй арга хэмжээ авахаар боллоо. "Transparency International" байгууллагын судалгаагаар Монгол Улс 2022 оны "Авлигын төсөөллийн индекс"-ээр 33 оноо авч, 2017 оноос хойш энэ үзүүлэлтээр тасралтгүй муудаж байгаа 10 улсын нэг болоод байгаа юм.
АХБ-ны анхааруулга
2022 оны эхэн үеэс Азийн орнуудад зээлийн дефолтын своп хэлцлийн тархалт нэмэгдэж байгаа ч эрсдэлийн түвшин улс бүрд харилцан адилгүй болсныг Азийн Хөгжлийн Банк анхааруулав. Хөгжиж буй орнуудын бондын зах зээлийн хөдөлгөөнийг гурван индексийн нийлбэр хөдөлгөөнөөр харуулдаг "JPMorgan Emerging Market Bond Index"-ээс харвал Азийн бусад оронтой харьцуулахад Монгол, Пакистан, Шри-Ланк улс эрсдэлд илүү өртөмтгий байгааг АХБ тайландаа дурджээ.
МХБ-ийг сонгов
Засгийн газрын хуралдаанаар Монголын Хөрөнгийн биржийг түшиглэж нүүрсийг биржээр арилжихаар шийдвэрлэлээ. Тусдаа бие даасан бирж байгуулахад 30 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байсан тул МХБ-д энэхүү ажлыг үлдээхээр болсныг УУХҮ-ийн сайд мэдээлэв. Энэ хүрээнд өнөөдөр МХБ-ээр нүүрсийг албан ёсоор арилжаалж эхлэх бөгөөд "Эрдэнэс Монгол" ХХК гурван удаагийн дуудлага худалдаагаар 130 гаруй мянган тонн нүүрсийг биржээр зарахаар болжээ. Энэ онд экспортлох нүүрсний гуравны нэгийг биржээр зарах бөгөөд цаашдаа энэ тоог үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн аж.
Байр суурь
"Шатах түлшний хэрэглээг бууруулахад пассив хаус чухал үүрэгтэй. Учир нь пассив хаусын дулааны хэрэглээ энгийн барилгынхаас харьцангуй бага байдаг. Энгийн амины орон сууцны дулааны хэрэглээний 10 хувьтай л тэнцэх дулааны нийлүүлэлт шаардагддаг. Дэлхий дээрх бүх барилгад пассив барилгын стандартыг нэвтрүүлбэл шатах түлшний хэрэглээг 20 хувиар бууруулах боломжтой. Монгол Улс эрчим хүчний алдагдал ихтэй барилгуудыг пассив барилгаар сольсноор нүүрснээс гарган авах дулааны зардлыг 90 хувиар хэмнэх юм. Ингэснээр агаарын бохирдол ч мөн адил буурна" хэмээн Олон улсын пассив барилгын хүрээлэнгийн сургагч багш, профессор Лий Пил-Рюл "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм.
Австрали vs. Монгол
БНХАУ Австралийн нүүрсний экспортод тавьсан албан бус хоригоо хэсэгчилсэн байдлаар сулруулж, хоёр жилийн дараа анх удаа тус улсаас нүүрс авч эхэлсэн нь Монгол Улсын нүүрсний импортод тодорхойгүй байдал үүсгэхээр байна. Хэдий тийм боловч Монгол Улс газарзүйн байршлын хувьд ойрхноос гадна төмөр замын хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа нь 2023 онд Монголоос авах нүүрсний хэмжээ өндөр байхад нөлөөлөх төлөвтэй гэж БНХАУ-ын компаниуд үзэж байна. Мөн 2023 онд БНХАУ-ын Засгийн газар барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжиж, үүнийг даган гангийн хэрэглээ нэмэгдвэл коксжих нүүрсний эрэлт улам нэмэгдэхийг "SXCoal" онцолжээ.
Орон сууц ба үнийн өсөлт
Нэгдүгээр сард Улаанбаатар хотод орон сууцны үнийн индекс 1.13 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөнийг ҮСХ мэдээллээ. Үүнд шинэ орон сууцны үнэ 13.2 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн бол хуучин орон сууцны үнийн өсөлт 12.4 хувьтай гарчээ. Орон сууцны үнийн индекс сүүлийн дөрвөн сар дараалан өсөх чиг хандлагаа хадгалж байгаа боловч жилийн дүнгээр өсөлтийн хурд нь харьцангуй саараад байна. Шинэ орон сууцны дундаж үнэ м.кв нь 3.5 сая төгрөг байгаагаас Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.8 сая төгрөгийн ханштай байна.
Дорвитой дэмжлэг
Засгийн газраас 2023 оны ноолуур бэлтгэлд зориулан 500 хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгчдэд олгохоор шийдвэрлэсэн байна. Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилгоор олгож буй энэхүү зээлийг Олон Улсын Санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага болон арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх аж.
Харилцаа улам дордсоор...
Тагнуулын зориулалттай байж болзошгүй гэж үзсэн агаарын бөмбөлгийн асуудлаар Батлан хамгаалахын сайд нарын түвшинд утсаар уулзалт зохион байгуулах тухай АНУ-ын тавьсан саналд БНХАУ татгалзсан хариу өгснийг Пентагон мэдээллээ. Энэ нь агаарын бөмбөлөгтэй холбоотой маргаан дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны харилцаа удахгүй хэвийн түвшинд очиж сэргэх найдварыг үгүй хийснийг харуулж байна. АНУ-ын зүгээс тус бөмбөлгийг ажиглалтын төхөөрөмж мөн хэмээн мэдэгдэж, Өмнөд Каролина мужийн эргийн ойролцоо сөнөөгч онгоцоор буудан унагасан бөгөөд үлдэгдлийг нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин далайн уснаас гарган цуглуулсан байна.
Ашиг ба амбиц
Газрын тосны салбарт тэргүүлэгчдийн нэг "BP" компанийн ашиг 2022 онд 27.6 тэрбум ам.доллар давсан нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Тус компани ирэх 10 жилд шатах түлш болон хүлэмжийн хийн ялгаруулалт багатай бизнесүүддээ тус тус найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа мэдээлээд байгаа. Мөн газрын тос, байгалийн хийн олборлолтоо аажмаар бууруулж, цэвэр эрчим хүчний шилжилтэд 2030 он хүртэл найман тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн долоо хоногт мөн "Shell" компани сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахын зэрэгцээ байгалийн хийн бизнестээ тогтвортой хөрөнгө оруулсан хэвээр байхаа мэдэгдсэн билээ.
Дахиад л цомхотгол
Цар тахлын үед эрчээ аваад байсан "Zoom" компани дэлхий даяарх нийт ажилтныхаа тоог 15 хувиар цөөрүүлэхээр боллоо. "Компани шинэ зохион байгуулалтынхаа хүрээнд 1300 ажлын байраа танана" хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Эрик Юан мэдээлсэн. Цар тахлын хоёр жилд компанийн замнал үндсээрээ өөрчлөгдөж ажилтнуудынх нь тоо гурав дахин өсөж байв. Харин түүнээс хойш компани дотоод бүтэц дээр ч тэр, тогтвортой өсөлтөө хадгалах талд ч цаг гарган дүн шинжилгээ хангалттай хийсэнгүй хэмээн тэрбээр харууссан байна. Үүнээс гадна саяхан хуучин Гүйцэтгэх захирлаа эргүүлэн авчирсан "Disney" компани бүтцийн шинэчлэлтийн хүрээнд 7000 ажилтнаа цомхотгох замаар 5.5 тэрбум ам.долларын зардлын хэмнэлт хийх шийдвэр гаргажээ.
Талбайн хаан, бас тэрбумтан
NBA-ийн од Леброн Жэймс сагсан бөмбөгийн талбай дээрх амжилт ололтын уртаас урт жагсаалтдаа "Карьерынхаа турш хамгийн олон оноо авсан тоглогч" гэсэн дахин нэг алдрыг нэмлээ. Үүний зэрэгцээ талбайн гадна ч түүний амжилтын буухиа үргэлжилж, нийт хөрөнгийн хэмжээ нь 1.1 тэрбум ам.доллар хүрээд байгааг "Bloomberg"-ийн тэрбумтнуудын индексээс харж болно. Өөрөөр хэлбэл түүний авсан оноо бүрд 28,653 ам.доллар ногдож байгаа юм. NBA-д авсан олон сая ам.долларын цалин, мөн ивээн тэтгэгчдийн гэрээ, хөрөнгө оруулалтууд, эрхэлдэг бизнесүүд нь Леброн Жэймсийн хөрөнгийг бүрдүүлж байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
АНУ-д Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль батлагдсанаар 100,000 ажлын байр шинээр бий болжээ
“Pinterest”-ийн борлуулалт шинжээчдийн тооцоололд хүрээгүйн улмаас хувьцааны ханш нь унав
Их Британид орон сууцны үнэ унаж, моргейжийн зээлийн өсөлт 2011 оноос хойших доод түвшинд хүрэв
Онцлох чарт
"InterNations" судалгааны байгууллага эх орноосоо хол ажиллаж амьдарч буй 11,970 иргэний дунд судалгаа явуулж, дэлхийн 50 хотыг амьдралын чанар, суурьшин төвхнөхөд хялбар байдал, хөдөлмөр эрхлэх бололцоо зэрэг гадаадын иргэдэд нэн чухал үзүүлэлтүүдээр нь эрэмбэлэхэд дараах хотууд "Шилдэг"-ээр тодорчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.