Гурван өгүүлбэрээр:
Он дамнасан инфляц
Нэгдүгээр сард хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 1.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Өөрөөр хэлбэл инфляцын өсөлтийн эрч 2022 оны 12 дугаар сарын эцсийн дүнтэй харьцуулахад саарсан байна. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 2.2 хувиар, даатгал санхүүгийн үйлчилгээний бүлгийн үнэ 6.7 хувиар өссөн нь инфляцын сарын үзүүлэлтэд гол нөлөө үзүүлжээ. Монголбанкны хувьд энэ онд инфляцыг нэг оронтой тоонд хадгалах зорилттой байгаа юм. Хэдий тийм боловч энэ чиглэлд авах арга хэмжээгээ төсвийн бодлоготой хамт хэрэгжүүлснээр үр дүнд хүрнэ гэж шинжээчид үзэж байна.
Гадаад худалдаа
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны нэгдүгээр сард 1.75 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 61 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нийт бараа эргэлт өсөхөд экспорт хоёр дахин өссөн нь голлон нөлөөлсөн бол импорт 23.6 хувиар өссөн байна. Ингэснээр нийт гадаад худалдааны тэнцлийн ашиг 389.7 сая төгрөг болж, сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрлээ. Экспортын орлогын 52.5 хувийг нүүрс, 17 хувийг зэс, 11 хувийг алтны экспортын орлого бүрдүүлж байна.
Байр суурь
"Газар хөдлөлт хүн алдаггүй. Барилга байгууламж, инженерийн бүтэц л хүн алдаг. Бэлхэн жишээ нь Туркийн газар хөдлөлт байна. Улаанбаатарт барилгуудыг дэндүү шавааралдуулж, ямар ч зай талбай байхгүйгээр барьсан. Нэг барилга нурлаа гэхэд дараагийн барилгыг нураах эрсдэл өндөр. Тухайн газруудад нөлөөлж болохуйц хүчтэй газар хөдлөлтүүдээс ирэх хамгийн их чичирхийллийн хэмжээг тооцсон Монгол орны нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн ерөнхий мужлалын судалгаа байдаг. Иймд тухайн бүс нутаг дахь барилга байгууламжаа тооцоололд тааруулсан тэсвэртэйгээр барьчихвал эрсдэл багасна" хэмээн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлалын салбарын эрхлэгч А.Мөнхсайхан "Bloomberg TV Mongolia"-д өгсөн ярилцлагадаа онцоллоо.
Анхны тээвэрлэлт
Хоёрдугаар сарын зургааны өдөр "Тавантолгой" компани БНХАУ-ын Мандал боомтоор төмөр зам, авто зам хослуулан нийт 609.6 тонн нүүрсний гаалийн бүрдүүлэлт хийж, экспортолсныг "SXCoal" мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны 11 дүгээр сарын 25-нд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барьснаас хойших анхны ачаа тээвэр болж байна. Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбосноор импорт, экспортын бараа, бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал 20 сая тонноор нэмэгдэнэ гэж Засгийн газар мэдэгдэж байсан юм. 2023 оны нэгдүгээр сард Монгол Улс 875.6 сая ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн экспортолсон нь 2022 онтой харьцуулахад экспортын биет хэмжээ 5.7 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Ээлжит тусламж
Тогтвортой ногоон хөгжлийн зорилтын хүрээнд Европын Холбооноос Монгол Улсын хөдөө аж ахуй, ой, техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт ойролцоогоор 14 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болов. Энэ хүрээнд салбар хоорондын зохицуулалтын бодлогын тогтолцоо болон нэгдсэн хэрэгжилтийг сайжруулахыг зорьж байна.
"Монгол базальт"-ийн ахиц
"Монгол Базальт" ХК-ийн 2022 оны борлуулалтын орлого өмнөх оноосоо 23.7 хувиар буюу 2.7 тэрбум төгрөгөөр өсөж, 2.06 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласнаа тайлагналаа. Тайлант хугацаанд 217 мянга орчим боодол бүтээгдэхүүн борлуулсны зэрэгцээ үйлдвэрлэлийн шугам дамжлагын хүчин чадлыг нэмсэн нь өсөлтөд нь голлон нөлөөлснийг онцлов.
"Boeing 787" Монголд
2023 онд Монгол Улсад том оврын дөрвөн онгоц оруулж ирэхээс энэ оны тавдугаар сард МИАТ ТӨХК "Boeing 787-900" онгоц оруулж ирэхээр гэрээ хэлцэл нь хийгдээд байгааг Зам, Тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэв. Түүнчлэн ойрын үед АНУ, Унгар, Англи, Грек, Испани, Катар, Кувейт рүү шууд нислэгтэй болохоор зорьж байгаагаа онцоллоо. Тус салбар 2023 онд 1.5 сая, 2024 онд хоёр сая зорчигч тээвэрлэх зорилт тавьж, энэ хүрээнд 39 улсын Засгийн газартай агаарын хэлэлцээр байгуулаад байгаа аж.
Метан хийн олборлолт
Өмнөговь аймгийн нутагт метан хийн хайгуул хийж буй "Elixir Energy" компани "Номгон IX” талбайд өрөмдсөн туршилтын хоёр цооногоос өнгөрсөн долоо хоногт өдрийн дүнгээр нийт 100 мянган фут хий (2831 метр куб) гарган авсан байна. Нүүрсний давхаргын метан хий олборлохын тулд газрын гүний усыг соруулж, зайлуулах шаардлагатай боловч одоогоор зайлуулсан усны хэмжээ харьцангуй бага байгааг тус компани онцоллоо. "Elixir Energy" компани энэ онд хамгийн багадаа есөн цооног өрөмдөнө гэж төлөвлөжээ.
Гамшгийн бүсэд
Турк болон Сири улсад газар хөдлөлтийн улмаас нас барсан иргэдийн тоо 7700 давж, 38 мянга гаруй хүн гэмтэж, бэртээд байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Одоогоор дотоодын болон олон улсын 16 мянга гаруй аврах баг гамшгийн бүс нутагт ажиллаж байгаа аж. Монгол Улсын хувьд онцгой байдлын байгууллагын 25, эрүүл мэндийн тусламж үзүүлэх 10 хүний бүрэлдэхүүнтэй баг болон хүмүүнлэгийн тусламжийн бараа, материал илгээгээд байна. Гамшгийн дараа хот суурин газруудыг сэргээхэд Турк улс ДНБ-ийнхээ 5.5 хувьтай тэнцэх хөрөнгийг зарцуулахаар байна гэж "Bloomberg"-ийн эдийн засагчид тооцоолжээ.
Хиймэл оюуны тулаан
Технологийн том компаниуд өөрсдийн хиймэл оюунт чатботуудаа шил даран танилцуулж байна. Даваа гарагт "Google" компани харилцан ярианд суурилсан "Bard" хэмээх хиймэл оюун ухаантай үйлчилгээгээ ирэх долоо хоногуудаас олон нийтэд хүргэхэд бэлэн болсноо зарлалаа. Тус компанийн хөгжүүлсэн хэлний томоохон модель "LaMDA"-ийн хүчээр ажиллах тус чатботыг эхний ээлжид итгэмжлэгдсэн хэрэглэгчдэд зориулан туршилтын журмаар гаргаж байгаа аж. Тэгвэл "Microsoft" компани "Bing" хайлтын систем болон "Edge" интернэт хөтөчдөө хүлээлт үүсгээд байсан шинэчлэлтийг хийж, "OpenAI"-ийн бүтээсэн "ChatGPT" чатботын функц бүхий хувилбарыг танилцууллаа. "Энэхүү технологи нь ерөнхийдөө программ хангамжийн бүхий л төрөлд эрс өөрчлөлт авчрах болно" хэмээн "Microsoft"-ийн Гүйцэтгэх захирал Сатья Наделла онцолжээ.
Энэтхэгийг "эзэлнэ"
"Samsung" компани эвхэгддэг загвартай ухаалаг гар утаснууд болон хамгийн сүүлд гарсан "Galaxy S23" загвараа БНЭУ-д үйлдвэрлэж эхэллээ. Үүгээр тус компани БНХАУ-ын үйлдвэрлэгчдийн ноёрхож буй ухаалаг гар утасны дэлхийн хоёр дахь том зах зээлийг онилж байна. "Samsung"-ийн хувьд Энэтхэгийн зах зээлд эртнээс БНХАУ-ын "Xiaomi" компанитай өрсөлдсөөр ирсэн юм. Өнгөрсөн онд тус компанийн Энэтхэгийн ухаалаг гар утасны зах зээлд эзлэх хувь 19 хувьтай байснаар хятад өрсөлдөгчийнхөө араас хоёрдугаарт бичигдэж байв. Хэдийгээр хожуу эхэлсэн боловч "Samsung" худалдан авагчдад хямд үнэ, кредит картын уян хатан нөхцөл санал болгох замаар Энэтхэгийн зах зээлд байр сууриа аажмаар нэмэгдүүлсээр байна.
Буухиа тасраагүй
12 дугаар сард Австралийн нийт экспорт импортоосоо 12.2 тэрбум австрали доллар буюу 8.4 тэрбум ам.доллароор давснаар тус улсын гадаад худалдааны тэнцэл сүүлийн таван жил дараалан ашигтай гарлаа. БНХАУ хязгаарлалтын арга хэмжээгээ эрчимтэй цуцалж, Канберра болон Бээжингийн харилцаа сайжирч байгаа нь цаашид ч Австралийн гадаад худалдааны ашиг өснө гэсэн хүлээлт бий болгож байна. Дээрх тоо баримтад тулгуурлан эдийн засагчид Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүнд гадаад худалдааны ашиг нь 1-1.7 нэгж хувийн дэм үзүүлсэн хэмээн тооцоолжээ.
Дээрээс ч, доороос ч...
Ажиллах хүчээ олон жилийн турш эрчимтэй зузаатгасан "Meta", "Alphabet" болон Цахиурын хөндийн бусад аваргууд өнгөрсөн оноос цалин хөлсний зардлаа танаж эхэлсэн юм. Цаг хугацаа өнгөрөх тусам энэхүү цомхотголын давлагааны гол бай нь дунд түвшний менежерүүд гэдэг нь тодорхой болж ирж байна. Зөвхөн технологийн компаниудад ийм цомхотгол хийгдээгүй бөгөөд тухайлбал "FedEx" компани үйл ажиллагаагаа "илүү үр ашигтай, шуурхай" болгох зорилгоор захирал, ахлахын орон тоогоо 10 хувиар цөөрүүлэх шийдвэр гаргасныг тус компанийн Гүйцэтгэх захирал мэдэгджээ. Боссууд тэднийг багыг ашиглан ихийг хийхийг шахаж, ажилтнууд тэднээс ажлын уян хатан хуваарийг шаардах гэх мэтээр дунд түвшний менежерүүдэд дээрээс ч, доороос ч дарамт нэмэгдсэн энэ үед цомхотгол улам нэрмээс болж байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
Cуурин компьютерын борлуулалт буурсны улмаас "Dell" 6650 ажлын байраа цомхотгоно
Эрчим хүчний экспортын орлого буурснаар ОХУ-ын төсвийн алдагдал $25 тэрбум давав
Онцлох чарт
"Bitcoin"-ийн ханш өмнө нь түүхэн дээд түвшинд хүрч байх үед ажиглагдаж байсан "Golden Cross" зүй тогтол дахин үүсэхэд ойртжээ. "Golden Cross" буюу "Алтан зөрлөг" гэдэг нь аливаа хөрөнгийн 50 өдрийн дундаж ханш 200 өдрийн дундаж ханшаа давах үзэгдлийг хэлдэг. Энэхүү зүй тогтол давтагдах бүрт "Bitcoin"-ийн ханш 60 өдөрт дунджаар 22 хувиар өссөн үзүүлэлттэй байдаг бөгөөд ялангуяа 2020 болон 2021 оны огцом өсөлтийнх нь өмнө ажиглагдаж байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.