СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэд яллагдагчаар татах тогтоол танилцуулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

“Нүүрсний” гэх хэрэгт олон жилийн турш нэр холбогдож буй УИХ-ын гишүүн, “Ажнай корпорац” ХХК-ийг үүсгэн байгуулагч, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнийн хилээр гарах эрхийг нь хязгаарлах захирамж шүүгч баталжээ. Түүнийг энэ сарын 1-нд яллагдагчаар татах тогтоол баталсан бөгөөд өнгөрсөн даваа гарагт уг тогтоолыг Д.Бат-Эрдэнэд танилцуулж, гарын үсэг зуруулсан байна.

Мөн өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал НПГ-аас хүргүүлсэн аж. Уг саналыг нь өчигдөр хэлэлцээд прокурорын саналыг үндэслэлтэй гэж шүүгч дүгнэн, дээрх захирамжийг гаргасан аж.

Өмнөговь аймгаас удаа дараа хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон Д.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 17.4-2.1, 17.4-2.2-т заасан “Албан тушаалаа ашиглаж их хэмжээний хохирол учруулан эд хөрөнгө завшсан” үндэслэлээр яллагдагчаар татаад буй. Тодруулбал, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, өдгөө Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт нөлөөлж, 323 900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. “Тавантолгой”, “Тавантолгой транс” компанийн хувьцааг эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж орон нутгийн өмчит дээрх компанид 18.4 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан, хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан хэрэгт буруутгаж буй билээ. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн холбогдсон үйлдлийг Р.Сэддорж, Б.Түвшинбаяр, Г.Шүрэнхишиг, “Тавантолгой транс” компанийн захирал, Монголын морин спорт, уяачдын холбооны дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж нарт холбогдох хэрэгтэй нэгтгэн шалгаж, хоорондоо уулзахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.

Тэдэнд холбогдох хэргийг шалгах явцад орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хөрөнгө завшсан үйлдэл илэрч, нэгтгэн шалгаж буй аж. Эл компанийн тооцооны нягтлан бодогч Д.Мөнхнасан, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал бөгөөд ерөнхий инженерээр ажиллаж байгаад Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын захирал болсон П.Мөнхтуул, төлөвлөлтийн ахлах инженер Ж.Мягмардорж нарыг хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан болон удирдлагаас өгсөн шийдвэр хууль бус гэдгийг мэдсээр байж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, улсад 11.4 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татаад байна. Улмаар тэдэнд албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар НПГ-аас Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд санал хүргүүлснийг өчигдөр хэлэлцээд хэрэг хянан шийдвэрлэж дуустал мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, тэднийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн өмчит “Тавантолгой” компанид эрх бүхий албан тушаал хашихыг 12 сарын хугацаагаар түдгэлзүүлж, улсын хилээр гарахыг нь хязгаарлав. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.