Авлигатай тэмцэх газраас 2022 оны 12 дугаар сард Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдон шалгагдаж байгаа 17 хүн болох Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхийлөгчийн тамгийн газрын газраар ажиллаж байсан З.Энхболд, Ерөнхийлөгчийн тамгийн газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын нэрийг зарласан билээ.
Нэр зарласнаас хойших реакц (хариу үйлдэл) нэн сонирхолтой байгаа. Өөрсдийгөө өмөөрсөн мэдэгдэл болон нам нь хэрхэн үзэх бол гэдэг нь ихээхэн анхаарал татсан сэдвийн нэг болоод байгаа юм.
Эрх баригч Монгол ардын намын хувьд өөрийн гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын нэрийг зарлуулахгүй байх эрх мэдэл байсан уу гэвэл байсан. Гэвч тэгээгүй. Үүнээс үүдэж, МАН-ын зарим Бага хурлын гишүүд "Гишүүдээ зарлаж, хуншгүй зан гаргаж байгаа юм биш үү" хэмээн ярьж байгаа нь нууц биш болсон.
Гэтэл нүүрсчин хэмээн орон даяар цоллуулсан гишүүд нь хоёр удаа хэвлэлийн бага хурал хийснийг эс тооцвол чимээгүй байцгаана. Харин бүр эсрэгээрээ, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан хоёр Засгийн газрын гишүүн болон УИХ-ын гишүүнээсээ сайн дураар чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд, "жирийн иргэний хувиар хууль хяналтын байгууллагад шалгуулъя" гэчихлээ.
Тусгаар тогтнолын ордонд яригдаж байгаа яриагаар бол, МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд "Намын дүрмэндээ захирагдаж байгаа" нь энэ гэнэ шүү. Тус намын дүрэмд авлига хээл хахуул, албан тушаалын хэрэгтэй хатуу тэмцэнэ гэсэн зүйл заалт байгаа. Энэ дүрмийн хүрээнд МАН-ын гишүүд ийм алхмууд хийж байгаа бололтой.
Харин ардчиллаар овоглож тамга, тэмдэг булаалдах үедээ амь орон уралцдаг Ардчилсан намынхан нүүрсний хулгай хэрэгт холбогдсон гишүүдээ өмөөрөх нь бүү хэл, хариуцлага тооцох тал дээр нүдэн балай, чихэн дүлий, ямар ч алхам хийгээгүй л байна. С.Эрдэнэ ч гомдоллохоо мэдэхгүй, О.Цогтгэрэл нь ч гомдоллох эрхгүйгээ мэдээд чимээгүй байгаад байна уу даа. Д.Ганбат, Л.Гантөмөр хоёрын нэг нь дарга болохоор намын нөхдөө өмөөрөх гэж байгаа юм болов уу.
Ямартай ч хоёр намыг ажихад иймэрхүү сонин зүйл ажиглагдаж байх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.